Д.Нарангэрэл: Гэрээсээ гарах тохиолдолд цахилгаан шатаар явахгүйг хичээгээрэй

Коронавирусийн халдвар нийслэл хот болон таван аймагт голомтлон гарсан энэ үед хүн бүхэн халдвар авах эрсдэлтэй гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл санууллаа.

Тэрбээр "Коронавирусийн халдвар нийслэл хот болон таван аймагт голомтлон гарч байгаа энэ үед хүн бүхэн халдвар авах эрсдэлтэй. Тиймээс гэртээ байх нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм.

Иргэд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдол л хүнс, эм, эмнэлгийн тусламж авахаар гэрээсээ гарах хэрэгтэй. Ингэхдээ заавал ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх нь чухал байна.

Тухайлбал, иргэд гэрээсээ гарах тохиолдолд цахилгаан шатаар явахгүйг хичээгээрэй. Учир нь цахилгаан шат агаар муутай, амархан бохирддог орчин. Мөн шатаар буухдаа шатны бариулыг гараараа барихгүй бөгөөд бээлий өмсөх шаардлагатай. Дараа нь бээлийгээ сайн угааж цэвэрлэх дүрмийг сахихыг зөвлөж байна. 

Иргэд гэртээ ороод гадуур хувцсаа тайлахдаа сэгсрэхгүй байх, боломжтой бол тусгай уут саванд хийж өлгөх хэрэгтэй. Гадуур хувцсаа тайлаад, гараа хөөсөртөл угаасны дараа л хүүхэдтэйгээ харьцаарай.

Түүнчлэн хаалга зэргийг тохойгоороо онгойлгох нь зөв. Бохирдсон гарыг олон зүйлд хүргэхгүй байх нь хамгийн чухал. Эцэст нь, гадагш гарахдаа хүн бүр амны хаалт зүүх, бээлий өмсөх, нүдний шил зүүх нь халдвараас сэргийлэх үр дүнтэй арга юм.

Гар утас, хэтэвч, нүдний шил зэрэг амархан бохирддог зүйлсийг спиртэн суурьтай халдваргүйжүүлэгчээр арчиж цэвэрлэх, гэртээ халуун бүлээн шингэн зүйлийг уух шаардлагатай" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ