МУСТА Н.Мөнхжаргал: Уран нугаралтыг бий биелгээгээс үүссэн гэж үздэг

Монголын авьяаслаг охид, хөвгүүд хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа нь нууц биш. Тэдний нэг болох уран нугараач, МУСТА Н.Мөнхжаргалтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд сонирхуулж байна.

 

-Юуны өмнө МУСТА цолоор шагнуулсанд баяр хүргэе.

 

-Баярлалаа.

 

-Ер нь энэ цолны талаарх таны бодлыг сонсъё? 

 

-Хийж хөдөлмөрлөж буйг минь үнэлж байгаа юм болов уу гэж бодсон. Энэ цолыг авсандаа маш их баяртай байна. Илүү их амжилт гаргахын төлөө хичээнэ ээ.

 

-СУИС-ийг төгсөгчид хэдэн дуу дуулаад л анхныхаа тоглолт дээр энэ шагналыг авдаг. Харин та? 

 

-15 жил нугарч байж авлаа.

 

-Ер нь уран нугаралттай яаж яваад холбогдчихов оо?

 

-Би уйлахаараа гар хуруугаа дараад урагшаа уначихдаг хүүхэд байсан гэнэ билээ. Эмээ маань айгаад намайг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд эмч "Зүгээр" гэж хэлсэн гэсэн. Дараа нь эмээ намайг хуримын ордонд Нарантуяа багшид шалгуулахад "Багштай хүүхэд байна" гээд аваагүй гэдэг юм. Миний анхны багш Цэсэнхүү багш маань л даа. Сунгалт, нурууг уян болгох дасгал их хийлгэдэг, их зөөлөн, сайхан сэтгэлтэй, ямар ч уургүй тайван хүн байсан даа, миний багш. Ер нь бол сонирхолтой болохоороо л уран нугаралтаар хичээллэж эхэлсэн дээ. Хүн дуртай зүйлээ сонирхож, тэрнийгээ хөгжүүлэх хамгийн сайхан гэж боддог.

 

-Хэдэн настайгаасаа уран нугаралтаар хичээллэв?

 

-Зургаан настайгаасаа.

 

-Танай удамд урлагийн хүн бий юу?

 

-Байхгүй ээ. Гэхдээ ээж, эмээ хоёр минь "Уран нугараач удам бий" гэж ярьдаг. Одоо миний дүү уран нугаралтыг маш их сонирхдог болоод байгаа.

 

-Та хэд хүртлээ нугарна гэж боддог вэ?

 

-Хэд хүртлээ нугарч чадах нь вэ тэр хүртлээ л нугарна гэж боддог.

 

-Уран нугаралт урлагийн маш хүнд төрөл гэдэгтэй санал нийлэх үү?


-Нийлнэ ээ.

 

-Энэ төрлөөр дэлхийд хаанах дэлхийд тэрүүлдэг вэ?

 

-Азиуд л тэргүүлдэг юм.

 

-Уран нугараачид бэртэл гэмтлээс хол явахыг эрхэмлэдэг биз...

 

-Тийм шүү. Хамгийн гол нь эрүүл мэнд.

 

-Уран нугаралт ямар үндэстэн, ямар улсаас үүссэнийг судалж үзэв үү?

 

-Монголчуудаас, монгол бүжгээс үүссэн гэж үздэг юм билээ. Бий биелгээгээр дамжуулан эхлээд мост унадаг болж, сүүлдээ уран нугаралт үүссэн гэж ярьдаг.

 

-Та Германд ажиллаж амьдардаг байх аа? Тэд уран нугаралт хэр үздэг вэ?

 

-Тийм ээ, би Германд гэрээгээр ажилладаг. Германууд уран нугаралт их үздэг шүү.

 

-Нууц биш бол гэрээ, цалинг чинь сонирхож болох уу?

 

-Доод тал нь нэг жилийн гэрээ байгуулдаг. Тэгээд л түүнээс дээшээ. Цалингийн тухайд бол тэр үеийнхээ ханшаас шалтгаална даа.

 

-Жилд хэдэн тоглолт хийдэг вэ?

 

-Тоолж үзээгүй юм байна шүү. Ер нь маш олныг хийдэг гэж болно.

 

-Уран нугаралтаар энд тэнд их явдаг байх. Хамгийн таалагдсан газар гэвэл...

 

-Очсон бүх л орон,орон хот болгон сайхан санагддаг. Учир нь би дуртай мэргэжлээрээ ажиллаж, дэлхийг тойрон аялж байгаа шүү дээ.

 


-Тоглолтын дараа бэлэг сэлт, цэцгийн гоё баглаагаар ёстой дарагдана биз? Санаанаас чинь гардаггүй өвөрмөц бас хамгийн үнэтэй бэлэг.. 

 

-Тоглолтын дараа янз бүрийн бэлэг, цэцгийн баглаа их бэлэглэдэг. Хүний чин сэтгэлээсээ өгсөн бэлэг л хамгийн сайхан санагддаг юм. Кубад төрсөн өдрөөрөө жүжигчдээсээ авсан бэлэг л хамгийн үнэтэй, санаанаас гардаггүй, өвөрмөц бас дурсамжтай байсан.

 

-Уран нугараач хүн жингээ их анхаардаг уу?

 

-Жингээ тэгж их барьдаггүй ээ. Бэлтгэлээ сайн хийхэд л болно.

 

-Ер нь ингэж, тэгж болохгүй гэсэн дүрэм журам бий юу?

 

-Урлагийн хүн биеэ, өөрийгөө зөв авч явах ёстой гэж би боддог. Тэрнээс биш тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн дүрэм, журам үгүй ээ.

 

-Та Германд хэдэн жил болов? Хамтлагт тоглодог уу?

 

-Тэнд хоёр жил циркэд тоглоод Монголдоо ирсэн. Би ганцаарчилсан үзүүлбэрээр л тоглолтонд оролцдог байсан юм. Надтай хамт Америк, Орос, Хятад, Итали, Герман, Туркийн циркчид тоглолтонд оролцдог байлаа.

 

-Хамтлагт огт тоглож байгаагүй гэж үү?

 

-Куба, Ливан, Туркэд хамтлагийн тоглолтонд оролцдог байлаа. Манай хамтлаг 14 хүнтэй. Циркийн бүх төрөлд оролцоод л хамтлагаараа аялан тоглодог байв.

 

-Монголын уран нугараачдын ур чадвар хэр вэ? Азийн бусад орныхноос ялгардаг онцлог нь...

 

-Манайхны ур чадвар өндөр шүү дээ. Уян хатан бас чадварлагт тооцогддог юм. Азийн бусад орны уран нугараачдаас уян хатнаараа үнэхээр ялгарч чаддаг.

 

-"Авьяаслаг германчууд" ч юм уу янз бүрийн шоунд оролцож байсан уу?

 

-Үнэхээр сайхан асуулт байна, баярлалаа. Монголд анх 2011 онд "Авьяаслаг монголчууд" шоу зохиогдоход оролцоод ард түмнийхээ саналаар тэргүүн байр эзэлсэн. Гурван шүүгчдээ болон миний төлөө саналаа өгсөн Монголынхоо ард түмэнд болон үе үеийн найзууддаа маш их баярлалаа. Сайхан асуулт тавьсан танд ч бас.

 

-Хэдэн хүн оролцож байв, тэгэхэд?

 

-Анхны "Авьяаслаг монголчууд"-ыг NTV, SBN, "Боловсрол" телевизүүд хамтарч зохиоход 800-гаад хүн оролцож байлаа. Төрөл бүрийн авьяастай тэдэн дунд циркчид, уран нугараачид олон байсан шүү.

 

-Шигшээд ямар ямар авьяастнуудтай өрсөлдөв?

 

-Шувтаргад шилдэг 15 оролцогчтой үлдсээн. Урлагийн бараг бүх төрлөөс шигшигдсэн улс байсан гэхэд болно.

 

-Нийт гурван шаттай байлуу? Ямар ямар үзүүлбэрээр оролцлоо?

 

-Эхний шатанд хунгийн үзүүлбэр, дараа нь агаарын үзүүлбэрээр оролцсон. Харин шигшээд "Могойн сүлжээ" гэдэг үзүүлбэрээрээ түрүүлсэн. Ер нь их хүнд үзүүлбэр л дээ.

 

-Хэр удаан бэлдэв, энэ үзүүлбэрийг?

 

-Хамгийн хүнд үзүүлбэр гэж болно л доо. Бүтэн сар ёстой өдөр шөнөгүй бэлдсэн. Өдөржингөө бэлтгэлтэй байна шүү дээ.

 

-Хоёрт орсон "Бөртэ чоно" хамтлагаас хэр олон саналаар илүү байв?

 

-"Авьяаслаг монголчууд"-ын өрсөлдөөн чанга байсан шүү. Санал асуулга үзэгчдийн нүдний өмнө болж байсан тул ямар ч булхайгүй, шударга болсон. "Бөртэ чоно" чөлөөт бүжгийн үнэхээр мундаг хамтлаг юм билээ. Яг хэдэн саналаар илүү гарснаа сайн санахгүй байна аа.

 

-Дараа нь хамтарч ажиллах санал хэр ирэв?

 

-Өө ирсээн, ирсэн. Гадаадаас хамтарч ажиллах санал их ирсэн шүү.

 

-Тэгэхэд та арваадхан настай байсан...

 

-Тийм ээ, 14-тэй байсан.


 

-Хэн хэн шүүгчээр ажиллалаа?

 

-Найруулагч Баатар гуай, төрийн соёрхолт, дуучин Болд ах, загвар өмсөгч Одгэрэл эгч гурав шүүсэн.

 

-Баатар найруулагч нас барчихсан...

 

-Тэгсээн, үнэхээр харамсалтай.

 

-Ингэхэд энэ шоунд яагаад оролцох болов?

 

-Уран нугаралтын а үсгийг заасан УГЖ Цэсэнхүү багш маань намайг анх бүртгүүлчихсэн байсан. Тэгээд надад "Энэ "Авьяаслаг монголчууд" шоунд орох хүний нэг нь миний шавь болохоор багш нь бүртгүүлчихлээ" гэж хэлсэн юм. "Авьяаслаг монголчууд" шоу зөвхөн Монголынх биш дэлхийн хэмжээний шоу учраас бас монголчуудыг харж байгаа болохоор оролцсон. Би чинь монгол хүн шүү дээ.


 

-Эхний шатанд орох болзлыг яаж хангав?

 

-Эхний шатанд орох эрх авахын тулд хоёр минутын үзүүлбэр үзүүлэх ёстой. Тэнцсэн нь эхний шатанд оролцох эрхээ авсан юм.

 

-Якутад ноднин болсон олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл заан хүртсэн байх аа...

 

-Миний өмнө Канад, Вьетнамын циркчдийн үзүүлбэр орсон. Үнэхээр мундаг, чадварлаг улстай өрсөлдсөндөө, туршлага хуримтлуулсандаа их баяртай байгаа.

 

-Оролцохыг хүсдэг уралдаан тэмцээн бий юу?

 

-Монте-Карло болон Уха хотод болдог циркчдийн тэмцээнд оролцохыг маш их хүсдэг.


 


-Таныг тэмцээн уралдаанд хэр урьдаг вэ?

 

-Урина шүү. Даанч зав зай хомс болохоор тэр бүр оролцож чаддаггүй юм.


 

-Кино урлагт авьяасаа сорих бодол төрдөг үү?

 

-Сайхан, үнэхээр татгалзахын аргагүй санал ирвэл үзээд алдана гэж боддог. Ер нь кино, клипэнд тоглох урилга ирдэг шүү. МҮОНТ-ийн "Эрт нахиалсан сарнай" олон ангит киноны эхний хэсэгт тоглож байлаа.

 

-Тэгвэл нүцгэн зураг авахуулах болон эротик киноны санал ирвэл...

 

-Тийм санал ирдэггүй. Ирлээ ч зөвшөөрөхгүй л дээ.

 

-Ингэхэд таныг болзоонд хэр урьдаг вэ?

 

-Хааяа л.

 

-Найз залуутай юу?

 

-Байхгүй ээ.

 

-Саваагүй гэмээр зүйл асууя. Хүмүүс тэр тусмаа эрчүүл энгэр зөрүүлэхдээ нугардаг эсэхийг их сонирхдог юм билээ...

 

-Тэр талаар сайн мэдэхгүй юм байна (инээлээ).

 

-Та одоо ямар нэгэн байгууллагад харьяалагдаж байна уу?

 

-"Улаанбаатар" чуулгадаа л данстай байна даа.

 

-Энд тэндээс хамтарч ажиллах санал ирж байна уу?

 

-Олон санал ирсээн. Хил нээгдэхээр аль нэг тийшээ явна даа.

 

-Нууц биш бол гэрээгээ яаж хийдэг вэ?

 

-Хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр.

 

-Тоглолтоор явсан орнуудаа тоолж үзэв үү?

 

-Үгүй ээ. Гэхдээ би олон газраар явсан шүү. Энд тэнд явахдаа хөргөгчний наалт, аяга худалдан авч цуглуулдаг. Цуглуулга маань 100 гаран болоод байгааг бодохоор олон газраар явж тоглосон нь тодорхой.



 

Ярилцсан Ш.Эрдэнэтөр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ