Жил бүрийн 11-р сарын сүүлч 12-р сарын эхнээс авахуулаад шинэ онтой залгах хүртэл орон даяар эгшиглэдэг дуу бол
"Сүлд модны наадмын дуу".
"Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан"
хэмээн эхэлдэг энэ дууны хэрхэн бүтсэн түүхийг уншигч та бүхэнд сонирхуулъя.
Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа "Сүлд модны наадмын дуу"-ны үгийг Ж.Бадраад захиалж бичүүлжээ
Одоогоос бараг нэг жарны өмнө буюу 1962 оны өвлийн нэгэн өдөр нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа дуучин Б.Зангад руу утасдаад "Би нэг дуу хийлээ. Чи дуулна" гэж. Тэр үед ид гарч ирж байсан дуучин Б.Зангад Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж байжээ. Уг дууны аяыг С.Гончигсумлаа зохиочхоод Ж.Бадраад үгийг захиалж бичүүлж л дээ. Дашрамд дурдахад яруу найрагч маань хөгжмийн чамгүй боловсролтой учир голдуу аяыг нь сонсож байгаад үг зохиодог байсан гэнэ билээ. Ингээд л дуучин залуу маань 12-р сарын 25-нд мөнөөх дуугаа авч сургуулилаад, хоёр хоногийн дараа Монголын радиод бичүүлсэн юм. Сонирхолтой нь хөгжмийн зохиолч уг дуугаа удирдаж бичүүлсэн бөгөөд дуучин Д.Бандийн эхнэр Т.Григорьева төгөлдөр хуур тоглож, ард нь дуурийн театрын эмэгтэй найрал дуучид фон болж анх дуулжээ. Уг бичлэг 12-р сарын 31-ний орой радиогоор эх орон даяар цацагдсанаас хойш 58 дахь жилтэйгээ золгож байна. Хэдийгээр өнөө жил коронавирусын улмаас шинэ жилийн баярыг тэмдэглэхийг улс даяар хориглосон ч "Сүлд модны наадмын дуу" радиогоор эгшиглэж, клип нь телевизүүдээр цацагдах нь лавтай. Хоёр жилийн дараа "60 насыг зооглох гэж буй" эл дууг шинэ жилийн баярын сүлд дуу гэхэд буруудах зүйл үгүй билээ. Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн 100 насны ойд зориулж СТА, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангадтай "Сүлд модны наадмын дуу"-г хамтран дуулж, дүрсжүүлсэн юм.

sent Today at 9:40 AM

С.Гончигсумлаагийн ая, Ж.Бадраагийн шүлэг "Сүлд модны наадмын дуу" Цалин мөнгөн тэнгэртээ
угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан
Сүрлэг Монгол орныхоо
Өлчир жавхааг бадраацгааж
Сүлд модныхоо наадмаараа
Өвгөн ааваа дайлцгаая
дэвших хишгээрээ
жилийг бялхаасан
Өрнөн даргих буянаараа
Угтах оноо мялаасан
Сүрлэг Монгол орныхоо
Өндөр хөгжлийг ерөөцгөөж
Сүлд модныхоо наадамд
Өвгөн ааваа дайлцгаая
Түмэн галавт дуурсгалтай
Баатрын алдар цуурайтсан
Түвшин энхэт суурьшилтай
Баярын магнай тэнийсэн
Сүрлэг Монгол орныхоо
Ялгуун мандлыг ерөөцгөөж
Сүлд модныхоо наадамдаа
Яруу дуугаа өргөцгөөе

СЭТГЭГДЭЛ БИЧИХ