Зураг "Иргэд, ААН smartoffice.mn-ийг ашиглаж хэвштэл нийслэлийн харьяа байгууллагууд уламжлалтаар албан бичиг хүлээн авч байна"

Коронавируст /Ковид-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, цахим албан бичгийн smartoffice.mn системийг нэвтрүүлэх, хэрэглээг идэвхжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Энэ талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр "Цар тахлын үед технологийн шийдлийг ашиглан хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гарган ажиллах хүрээнд иргэдийн зорчилт хөдөлгөөнийг хянах QR код системийг нэвтрүүлсэн. 

Нэг жилд нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудад ирдэг албан бичгийн тоо нь ойролцоогоор 450 мянга орчим байдаг ба эдгээрийг 100 хувь цахимд шилжүүлэх ажил үндсэндээ дуусаж байна. Ингэснээр биечилсэн харилцааг хумьж, цаг хугацаа, эдийн засагт эергээр нөлөөлөх юм.

Ихэнх аж ахуйн нэгж тоон гарын үсэгтэй. Харин тоон гарын үсэггүй аж ахуйн нэгжийн албан бичгийг 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл тоон гарын үсэггүйгээр авахаар Архивын ерөнхий газартай тохирсон. Цаашид аж ахуйн нэгж бүгд тоон гарын үсэгтэй болох шаардлагатай" гэв. 

Дээрх системээр албан бичгээ илгээхэд “Албан хэрэг хөтлөлтийн MNS:5140 стандарт”-ыг хангасан байх шаардлага тавигдах нь. Хэрэв албан бичиг нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд төрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй юм.

Түүнчлэн энэхүү хэрэглээг дадтал иргэдээс албан бичгийг уламжлалт байдлаар бичиг хэргийн ажилтан хүлээн авч байгааг тэрбээр мөн хэллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ