Багш нарын тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгох санал хэлэв

Говь-Алтай аймгийн 18 сум, аймгийн төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Боловсрол, соёл, урлагийн газар нийт 25 цэгээс холбогдож, сум бүр саналаа нэгтгэн 5-10 минутад танилцуулжээ.

Говь-Алтай аймгийн багш нарын нэгдсэн саналд багш, ажилтны нийгмийн баталгаанд анхаарч, тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгохыг дурдсан байв.

Мөн хөдөө, орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад ажилладаг багш нарт 3 жил тутам тэтгэмж олгох, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг томилохдоо тухайн хамт олны саналд үндэслэх хэрэгтэйг онцлов. Түүнчлэн хоёр жил тутамд багш нарыг туршлага судлуулах зардлыг төсөвт тусгах саналыг хэллээ.

Мөн Завхан аймгийн багш нар ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг тус онцолсон юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАГШ НАР ХОС ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БОДЛОГОД АНХААРАХ САНАЛ ТАВЬЖЭЭ

Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд өглөө 09:30 цагаас эхлэн 15 аймгийн бүх сумдын багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Баян-Өлгий аймгийн 44 сургууль, 50 цэцэрлэгийн 241 төлөөлөл 19 цэгээс холбогдож, хуулийн төсөлд оруулах саналаа танилцуулллаа.

Баян-Өлгий аймгийн 13 сумын багш нарын хэлсэн дийлэнх санал нь багшийг төрийн өмчийн сургуульд бэлтгэх, өндөр оноотой элсэгчдийг авах, багш бэлтгэх сургуулийг төлбөргүй болгохын сацуу хос хэлний сургалтын бодлогод анхаарах асуудал байлаа гэж БШУЯ-ны Хэвлэлийн алба мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ