Т.Мөнхболд: Нүхтийн ам, Хадат зэрэг 5 чиглэлд эрчим хүчний шугам хэт ачаалагдах магадлалтай байна

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Албаны дарга Т.Мөнхболдын мэдээллийг хүргэж байна.  

Тэрбээр, Улаанбаатар хотын өнгөрсөн хоногийн цахилгаан хэрэглээ өнгөрсөн шөнө өмнөх хоногоос 5 хувийн өсөлттэй буюу 794 МВт хүрлээ. Гэр хорооллын хэрэглээ өмнөх өдрийнхтэйгээ ижил түвшинд байв. 

Ачааллын өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал зуслангийн чиглэлд 12-р сарын 17-нд өмнөх оны мөн үеэс 53 хувийн өсөлттэй байсан бол 18-нд хэрэглээ өмнөх өдрөөс 4 хувиар буурсан байна.

Бусад чиглэлд эрчим хүчний хэрэглээ тогтвортой түвшинд байна. Улаанбаатар хотын хэмжээнд таван чиглэлд хэт ачаалагдах магадлалтай шугам, трансформатор байна. Үүнд:

  • Зуслангийн чиглэл буюу Чингэлтэй дүүргийн 19-р хороо
  • Хадат буюу Сүхбаатар дүүргийн 19, 20-р хороо
  • Нүхтийн ам буюу Хан-Уул дүүргийн 4-р хороо
  • Хужирбулан буюу Баянзүрх дүүргийн 28-р хороо
  • Цайз, “Газарчин” сургууль орчим буюу Баянзүрх дүүргийн 22, 24-р хороо

Иймд эрчим хүчний тасалдал доголдлоос сэргийлж оргил ачааллын үе болох 17.00-21.00 цагийн орчимд цахилгаан халаагуур, тоноглолоо залгахгүй байхыг анхаарууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ