ОХИН


Бүслэлтийн үеэр бяцхан охиныг Ленинградаас нүүлгэн шилжүүлжээ. Түүнийг Леночка гэдэг. Тэрээр овгоо мартсан, турж туйлдсан, жаахан охин байв. Охин бүх гэр бүлээ, ээжийгээ, эмээгээ, ахаа алджээ.
Аймшигт бүслэлтийн өвөл өнчирсөн эсвэл төрөл төрөгсөд нь үхлүүт болсон гэр бүлийн хүүхдүүдийг ленинградын орон сууцуудаас цуглуулах үүрэг бүхий тусгай томилгоот бүлэг охиныг олжээ.
Тэд охиныг олоод нүүлгэн шилжүүлэх байрлалд илгээж чаджээ.
Охин дэндүү балчир байсан тул хэрхэн хүүхдүүдийг ачааны задгай машинд мөсөн замаар тээвэрлэж, яаж асрах газарт ирснээ санадаггүй. Тэрээр яг л хүүхэлдэйн киноны том толгойтой, нарийн хүзүүтэй өрөвдөм дүртэй адил сул дорой, эцэж турсан, жаахан охин байлаа.
Тэр идэх хүсэлгүй болов. Бодисын солилцооны хямрал хүндрэх явцад ийм зүйл болдог. Охин ихэвчлэн орондоо хэвтэж, хааяа сандал дээр сууж, пийшингийн дэргэд дулаацна. Дуу нь гарахгүй чимээгүй болов.
Бүгдээрээ Леночкаг үхнэ гэж бодно. Нүүлгэн шилжүүлэх байрлалд тураалд орсон, идэх, тоглох, амьсгалах, амьдрах тэнхэлгүй болсон олон хүүхэд эндэж байлаа.
Хорьхон настай хэдий ч өмнө нь фронтын дайчин байсан, өрөөсөн хөлтэй галч дядя Коля гар нүүрийн хуучин алчуурыг эвхэж, хайчилж, оёж, боогоод хүүхэлдэй хийж, харандаагаар нүд, ам зурж, хамар дугуйлав. Эв хавгүй, эрэмдэг хүүхэлдэй болов.
Тэрээр хүүхэлдэйгээ Леночкад өгөхдөө
"Леночка, чи энэ хүүхэлдэйг бүүвэйл. Түүнийг сайн идүүлж сурга. Одоо чи энэ хүүхэлдэйн ээж болсон. Түүнийг сайн халамжлаарай. Тэр уйлж ч чадахгүй бие муутай учраас өвдөж болзошгүй шүү" гэж хэлэв.
Тэгэнгүүт Леночка гэнэт хүүхэлдэйг зууран авч энгэртээ наав. Хүүхэлдэйг бүүвэйлж, туранхай гараараа илж байлаа. Хоолны цагаар хүүхэлдэйгээ кашаар хооллож, юу ч юм энхрийлэн шивнэнэ. Цаашдаа тэр асрамжын газраас өгсөн каш, зүсэм талх, даршилсан ногоог хүүхэлдэйтээгээ хувааж иднэ.
Леночка хуучин алчуураар хийсэн эрэмдэг хүүхэлдэйгээ байнга өвөртлөн унтаж, түүнийг пийшингийн дэргэд дулаацуулж, тэвэрч, чин сэтгэлээсээ асарч тойлно.
Охин амьд үлдэв. Яагаад гэвэл тэр үхэж болохгүй байв. Хүүхэлдэйгээ халамжлах хэрэгтэй байлаа.
Зарим хүмүүс хэн нэгнийг халамжлах амьдралын асар их хүч тэнхээтэй байдаг. Яг энэ охин шиг.
Дараа нь охин сувилагч болж урт удаан сайхан амьдарчээ. Түүний гар үргэлж завгүй байсан. Зүрх сэтгэл нь хайраар дүүрэн...
Анна Кирьяновна
Хөврүүлсэн Э. Энхтайван

СЭТГЭГДЭЛ БИЧИХ