Улаанбаатар хотод Covid-19-ын 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ

“Өчигдөр улсын хэмжээнд нийт 5,961 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо.
Ойрын болон дам хавьтлын 1136 хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулан ажиглалт тандалтыг хийж байна. Үүнээс ойрын хавьтал 622 хүнийг ажиглан тусгаарлах байруудад тусгаарласан.
"Хэдийгээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өвчтөнүүд эмчилгээ үйлчилгээ хийлгэж, халдвар авсан боловч тухайн өвчтөнүүдийн гэр нь нийслэлийн бүх дүүргүүдэд байрлалтай учраас энэ халдвар нэлээд өргөн хүрээтэй, том дэгдэлт гарсан гэж ойлгох хэрэгтэй.
Цар тахлын вирус нийслэлийн хүн амын дунд идэвхтэй эргэлтэд байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Манай улсын хэмжээнд 32 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусний халдварын эсрэг 278 эмч тасралтгүй ажиллаж байна. 406 мянган хүн шинжилгээнд хамрагдсан. 25 объектын 5120 кв м газарт халдваргүйжүүлэлт хийлээ.
Гашуунсухайт боомтод 64 хүн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнгөрсөн хугацаанд 119 утсанд 3991 хүн хандаж, мэдээлэл, зөвлөгөө авлаа.
Дэлхий дахинд нийт 75.1 сая гаруй хүн халдвар аваад байна. Өдөртөө 808 мянган хүн шинээр халдвар авч байна. ОХУ, БНХАУ-д өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна. ОХУ-д 26-28 мянган хүн шинээр халдвар авч байна. Голомтын идэвх өндөр хэвээр байна. Дэлхийн бусад улс,% ялангуяа Япон, БНСУ халдвар нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн орны ачаалал, ялангуяа эрчим эмчилгээний тасгуудын ачаалал нэмэгджээ. Өвчтөнүүд сэхээн амьдруулах хэсэгт шилжих нь нэмэгдэж байна.
Улаанбаатар хотод эрсдэл өндөр байна. Шинэ жил болох гэж буйтай холбогдуулан ард иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хязгаарлалтын дэглэмийг чанд сахих хэрэгтэй байна. Нийслэл хотод халдварын дэгдэлт эрчимтэй байгаа энэ үед хүн бүр амны хаалт зүүж, хүнтэй контактад орохгүй байх, стрессгүй, айж сандрахгүй байх, эд нэгдэлтэй байх, халдвар хамгааллын бүхий л арга хэмжээг авах шаардлагатай байна.
Яаран эмнэлэгт очихгүй байхыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ