"Тусгаарлан ажиглах байрны ажиглалтын мэдээлэл цаг тутам Шуурхай штабт ирдэг болсон"

Эрүүл мэндийн яамны хурлын үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлан ажиглах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1,564 иргэн байгаа бол орон нутагт 16 тусгаарлан ажиглах байранд 153 иргэн байна. Тусгаарлалтын арга хэмжээ зохион байгуулахаас өмнө байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын алба хаагчдад сургалт явуулсан. Сургалтаар халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах, аюулгүй байдлын талаар мэдээллийг өгдөг.
Энэ сард дөрвөн удаагийн тусгай нислэгээр 507 иргэнийг авчирч, тусгаарлаад байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс санал гомдол ирсэн. Тухайлбал, Холидэй Инн буудалтай холбоотой гомдлыг өчигдөр шийдвэрлэсэн.
"Гэрийн ажиглалтад шилжиж буй иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэж байгаа"
ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан иргэд Яармагийн 300 ортой шинэ эмнэлэгт 7-оос дээш хоног тусгаарлагдаад гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Шуурхай штабын зүгээс гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүсийг иргэдтэй шууд хавьтал болохгүйгээр гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна. Нэгдсэн зохион байгуулалтаар хүргэж байгаа учраас иргэдээс тээврийн зардал гарч байгаа. Шуурхай штабын зүгээс аль болох хөнгөлөлттэй байх тал дээр анхаарч байна. Үүн дээр төмөр замын байгууллага санаачилгатай ажиллаж, тусгаарлалтаас гарч орон нутаг руу явж байгаа ажилчдынхаа зардлыг даасан. Мөн Дархан-Уул, Орхон аймгаас иргэдээ татан авах арга хэмжээг хэрэгжүүлж Шуурхай штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.
Өнөөдрийн байдлаар 1,804 иргэнийг халдварын батлагдсан тохиолдлын хавьтал хэмээн тусгаарлаад байгаа бөгөөд БЗД-ийн нутагт дэвсгэрт 12 байршил цагдаагийн хамгаалалтад байна. Мөн СХД-т нэг байршил, ингээд нийлбэр дүнгээр нийслэл хотод 13 байршил цагдаагийн хамгаалалтад байгаа.
Тусгаарлан ажиглах байранд тагнуулын байгууллага болон камераар хяналт тавьж зөрчил гарвал шуурхай арилгуулж байна. Тухайлбал, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн тохиолдолд мэдээлэл нь цаг тутам ирдэг болсон. Энэ мэдээллийг холбогдох байгууллагад шилжүүлж зөрчил гаргасан иргэд болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид дараа нь хуулийн дагуу хариуцлага тооцно.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулаад иргэд маань мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд сахиж, хариуцлагатай байх хэрэгтэй" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ