Сүхбаатарын талбайд "Таж махал" сүндэрлүүлэх ажил зогслоо

Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнөө жил тохиож байна. Найрамдалт ойн хүрээнд Монгол дахь Энэтхэг улсын ЭСЯ-наас шинжлэх ухааны салбар, ХӨСҮТ-д чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн ч “Ковид-19” цар тахлын улмаас УОК-ын шийдвэрээр хойшлуулжээ. Түүнчлэн Сүхбаатарын талбайд Таж Махалын мөсөн хөшөө сүндэрлүүлэхээр өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн ЗДТГ-аас зөвшөөрөл авсан байна. Улмаар хэд хэдэн компанийн дунд сонгон шалгаруулалт хийж “Мөнгөн цой”-г сонгоод байжээ. “Мөнгөн цой” компанийнхан хатуу хөл хориог сулруулсны дараа буюу энэ сарын 14-нөөс ажлаа эхлүүлсэн. Гэвч дахин хатуу хөл хорио тогтоосны улмаас Сүхбаатарын талбайд "Таж Махал" сүндэрлүүлэх ажил зогслоо. Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. Таж Махал нь 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн. Дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг Таж Махалыг цогцлооход мянга мянган уран дархан, гар урчуудын хүч хөдөлмөр шингэсэн.  Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусжээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Таж Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ