Cпортын мастер Д.Гомбосүрэн: Буджаргал үнэхээр л 4-5 удаагийн дэлхийн аварга юм бол төр засаг үнэлэх байлгүй

 
1980-аад оны Монголын дунд зайн шилдэг гүйгчдийн нэг түүнтэй уулзаж ярилцлаа. Улсын 12 удаагийн аварга, спортын мастер тэрбээр мөн дугуйн спортын мастер цолтой. Өдгөө МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн биеийн тамирын тэнхимийн ахлах багш, магистр зэрэгтэй. 

 -Ярилцлагаа бага насны тань дурсамжаар эхлэх үү?
 -Би чинь Улаанбаатар хотын унаган хүүхэд л дээ. Одоогийн Баянзүрх дүүргийн гуравдугаар амаржих газар 1962 оны нэгдүгээр сарын 12-нд мэндэлсэн юм. Есөн хүүхэдтэй айлын дундах нь. Эцэг эхийн асрамжинд байж байгаад ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, бага, дунд сургуульд орж суралцсан. 
 -Та яагаад хөнгөн атлетикээр тэр тусмаа гүйлтээр хичээллэх болов? 
 -Хаана л бол хаана гүйж харайж явдаг хүүхэд байлаа. Чухам энэ үед л гүйгч болох эхлэл маань тавигдсан гэхэд болно. 
 -Таны анхны багш гэвэл... 
 -Биеийн тамир тэр дундаа хөнгөн атлетикийн спортыг анх сайн мэдүүлж, мэдрүүлж, таниулж өгсөн хүн бол дунд сургуулийн маань биеийн тамирын багш Чанцалдулам. Энэ хүн л 1976 онд миний гүйх дуртайг мэдэрсэн, суурийг маань анх тавьж өгсөн ачтан билээ. Тэр үед би зургадугаар ангийн сурагч байсан юм. -Өсвөр үеийн уралдаан тэмцээнүүдэд хэр оролцдог байв? -18-аас доош насныхан буюу өсвөр үеийнхний дунд зохиогддог дүүрэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцдог байлаа. Тухайн үеийн ХБТО сургууль, Сүхбаатар, Найрамдал, Октябрийн районы өсвөрийн шилдэг тамирчидтай дээрх тэмцээнүүдэд уралдаж явлаа. Өрсөлдөөн ч ширүүн болдог байсан шүү. Гэхдээ би уралдсан тэмцээн болгоноосоо медаль авдаг байсан. Ер нь ширүүн л өрсөлддөг байлаа. 
 -Та өсвөр үеийн олон улсын тэмцээнээс медалиуд авч байсан бил үү?
 -Тухайн үеийн Ардчилсан Германд 1979 онд өсвөр үеийн дөрвөн төрөлтийн олон улсын тэмцээн болсон юм. Тэгэхэд би алт хоёр, мөнгө, хүрэл тус бүр нэг, нийт дөрвөн медаль хүртээд нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орсон. Тус тэмцээнд 12 орны хөвгүүд оролцож байлаа.
 -Та спортын хоёр төрлөөр мастер цол авсан байх аа... 
 -Тийм ээ, хөнгөн атлетик, дугуйн спорт хоёроор мастер цол хүртсэн. Хөнгөн атлетикийн спортын мастерийг 1983 онд, дугуйн мастерийг 1986 онд биелүүлсэн юм. Хоёуланг нь тэсвэрийн төрөлд. 
 -Тэр үеийн мастерийн нормативыг одоогийнхтой харьцуулбал... 
 -Тэр үеийн болон одоогийн норматив аль аль нь өндөр шүү. Харин бидний үед зориулалтын зам, талбай байхгүй, хэрэглэл материал одоогийнхтой харьцуулбал ёстой үлгэр байсаан. 
 -Тэгвэл оюутан байхдаа хэр амжилттай уралдав? 
 -Оюутан залуу нас минь зав муутай л өнгөрсөн дөө. Оргил амжилтаа оюутан байхдаа гаргасан гэж болно. 
 -Та ямар зайд уралддаг байв? Өрсөлдөөн хэр байсан бэ?  
-Дунд буюу 400 болон 800 метрт олон жил уралдсан. 1970-1980-аад онд манай дунд, холын зайн гүйгчдийн амжилт, өрсөлдөөн өндөр төвшинд байсан шүү. 
 -Таны зайд Монгол улсын дээд амжилтыг хэн хэн эзэмшдэг вэ?
 -400 метрт Мөнх-Эрдэнэ 48,15 секунд, 800 метрт Ариунсайхан 1 минут 52,63 секундээр эзэмшдэг. Хоёулаа 1980-аад оны сүүлчээр тогтоосон бөгөөд 30 гаруй жил эвдэгдээгүй байна. Тухайлбал Мөнх-Эрдэнэ 1989 оны зургадугаар сарын 14-нд Чехословакын Братиславт, Ариунсайхан 1988 оны зургадугаар сарын 7-нд мөн улсын Острова хотод тогтоосон.
 -Таны хамгийн дурсгалтай медаль гэвэл... 
 -1977 оны улсын аваргын анхны хоёр мөнгө. Бас 1979 онд Ардчилсан Германд болсон олон улсын тэмцээний хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл. 
 -Ер нь та медалиа тоолж үзсэн үү? 
 -Нарийн тоолж үзээгүй юм байна шүү. Ойролцоогоор 80 гарсан болов уу. 
 -Хэзээнээс дасгалжуулагчийн албанд шилжив? Олон шавьтай юу? 
 -1980-аад оны сүүлээс дасгалжуулагчийн албыг хашиж эхэлсэн дээ. Бэлтгэсэн шавь нараас маань спортын дэд мастер, мастер нийлээд 18, ОУХМ хоёр, гавьяат тамирчин нэг төрсөн. Мөн давхардсан зургаан тамирчин дэлхийн аваргад 17 удаа, хоёр тамирчин олимпод дөрвөн удаа эх орноо төлөөлж оролцсон байдаг.
-Нэгэн үе Монголын нэрийг гаргаж явсан Сэр-Од гавьяат таны шавь гэл үү? 
 -Сэр-Од миний отгон шавь нарын нэг ээ. Түүнийг одоогийн Баянгол дүүргийн сургуулиудын кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс сонгож, секцэндээ авч байлаа. 1990-ээд оны дунд үе байсан санагдана. Одоо ч гавьяатаас амжилт хүлээгээд хэрэггүй бололтой.Сэр-Одын хувьд үзүүлэх ёстой амжилтаа үзүүлсэн гэж дүгнэж болно. 
 -Та шавьтайгаа хэр дотно вэ? Түүнд гадаадаас легионер болох санал тавьж байсан гэдэг... 
-Бид хоёр багш, шавийн хэвийн харьцаатай. Гаднаас ирсэн санал бий, бий. Олон жилийн өмнө Японоос тийм санал ирсэн байдаг. Яг хэдэн онд, ямар клубээс гэдгийг нь сайн санахгүй байна. 
 -Түүн шиг гүйгч хэзээ дахин төрөх бол? 
 -Сэр-Од сайн гүйгч болохоо нэгэнт батлан харуулсан гэж би дүгнэдэг. Учир нь түүний гаргасан амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч давтаагүй нь үүний баталгаа юм. Түүний гаргасан амжилтыг ахиулах гайхалтай амжилтын эзэн монгол хөвгүүдээс төрөх нь тодорхой, харин хэзээ вэ гэдэг нь л...Ер нь дараагийн Сэр-Од төрөх нь гарцаагүй. 
 -Монголын хамгийн шилдэг гүйгчийг нэрлэ гэвэл... 
 -Монгол улсын шилдэг гүйгчээр олон тамирчинг нэрлэж болох байна. Гэхдээ миний бодлоор Сэр-Од шилдэг нь. Олимпод дөрөв, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа эх орноо төлөөлж оролцсон хөнгөн атлетикч тэр тусмаа гүйгч манайд үгүй. Шавийн минь эзэмшиж буй 10.000 метр, 10 км, 21 км, 42 км-ийн зайн Монгол улсын дээд амжилт одоог хүртэл эвдэгдээгүй. 
 -Манай гүйгчдийн төвшин дэлхийд болон тивдээ хэр вэ? 
 -Монголын эрэгтэй, эмэгтэй марафончдын үзүүлсэн амжилтыг Ази, дэлхийн дээд амжилтуудтай харьцуулж үзье. Эрэгтэй марафончны үзүүлсэн амжилт Азийнхаас 2,34 минут, дэлхийнхээс зургаан минут, эмэгтэй марафончных Азийнхаас 15 минут, дэлхийнхээс 20 минутаар хоцорч байгаа нь чамлахаар үзүүлэлт биш шүү! 
 -Сүүлийн үед шуугиулаад байгаа хэт холын гүйгч Буджаргалыг та хэр сайн таньж мэдэх вэ? -Буджаргал гэгч тэр залуугийн талаар сайн мэдэхгүй ээ. Үнэхээр л дэлхийн аваргад 4-5 удаа тэргүүлсэн юм бол Монгол улс гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолоо өгөх байлгүй дээ. -Ингэхэд та бадминтоны тухай ном бичсэн байх аа? 
 -Бадминтоны спортын талаар гарын авлага, зөвлөмж, уншиж судлах материал монгол хэл дээр ховор тул сургалтанд хэрэглэх зорилгоор бие даан бадминтоны гарын авлагыг 2010 онд бичиж хэвлүүлсэн дээ, би. 

No description available.
No description available.
 Ярилцсан Ш.Эрдэнэтөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ