Тэнүүн Огоо автобус баазын жолооч,ЧД-ийн цагдаагийн газрын албан хаагч нараас коронавирус илэрсэн

Тэнүүн Огоо автобус баазын жолоочоос коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа мэдээллээ.  Халдвар илэрсэн жолооч хамгийн сүүлд энэ сарын 24-нд ажилдаа очсон гэнэ. Түүний гэр бүлийн хүн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сахиур хийж байгаад коронавирусээр өвчилсөн байна. Тэрээр ойрын хавьтал болж байжээ. Чингэлтэй, Зунжин гээд хойд чиглэлийн автобусны жолооч байсан учраас түүний ойрын хавьтал 10 гаран хүн бусад 80 гаруй хүний шинжилгээг хийж байгаа гэнэ. Тиймээс 20-24-ны хооронд тэр чиглэлийн автобусаар үйлчлүүлж байсан иргэдийг харьяаллынхаа дагуу сайн дураараа шинжилгээ өгөхийг ЭМЯ-наас уриаллаа.   
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын II хэлтэст ажилладаг хүн  коронавирусийн халдварт өртсөн. Түүний гэр бүлийн хүн нь халдвар авсан байсан учраас хоёрдогч хавьтал хэмээн 21-нд тусгаарлагдаад байжээ.  Тэрээр 21-нд ойрын хавьтал болсон учраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулсан байна. Тухайн шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. Харин өчигдөр хоёрдогч хавьтал болсон цагдаагийн албан хаагчаас халдвар илэрчээ. Түүний ойрын хавьтал болох 13 хүнийг тусгаарласан байна. Мөн тус цагдаагийн газар ажиллаж байсан 74 хүнийг шинжилгээнд хамруулаад байгааг албаныхан мэдээллээ. Энэ хүрээнд 250 хүний шинжилгээг өнгөрсөн шөнөөс эхлэн авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ