Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаах ажиллагааг өнөөдөр зохион байгуулжээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна.
Эдгээр иргэд нь Монгол Улсад өнгөрсөн оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирж оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан иргэд аж.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840 мянган төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг байна.
Дээрх иргэд нь Монгол Улсад гурван сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийг татвар хураамжийг тушааж, аливаа зөрчилд холбогдоогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ