"56 иргэнд 28 орчим сая төгрөгийн тийз болон тусгаарлах байрны төлбөрийн дэмжлэг үзүүлсэн"

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ш.Адьшаа нар гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хариулт өглөө.
Тэрээр “Гадаад харилцааны яамнаас өнгөрөгч оны арваннэгдүгээр сар хүртэл гадаадаас иргэдээ эрчимтэй татан авч, эх орондоо буцах хүсэлт гаргах иргэдийн тоо 2000-аас доош орсон байсан. Тухайн үеийн тусгай үүргийн нислэгийн зорчигчийн дүүргэлт 70-80 хувьтай байсан. Дотоодын халдвар тархсанаас хойш татан авалтыг зогсоосны улмаас буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 8612 болсон. Үүнээс хамгийн олон нь БНСУ-д гацсан 4968 иргэн байна. Буцах хүсэлтэй иргэдийн шалтгааныг Улсын онцгой комиссоос гаргасан таван шалгуураас гадна хүсэлт гаргасан огноогоор нь эрэмбэлж шийдвэрлэж байгаа. Бүсээр нь ангилбал Европын улсуудад 550, Азид 6441, Америк болон Хойд Америк, Өмнөд Америкт 1478, Австралид 140, Африкт гурван иргэн байна. Санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд тусламж үзүүлж байгаа. Арваннэгдүгээр сараас хойш “Иргэдэд туслах сан” болон НҮБ-тай хамтран 56 иргэнд 28 орчим сая төгрөгийн тийз болон тусгаарлах байрны төлбөрийн дэмжлэг үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Иргэдэд туслах сан”-д өргөдлөө өгсөн 17 иргэн байгаа бөгөөд эдгээр өргөдлийг шийдвэрлэхэд 40 орчим сая төгрөг шаардлагатай. “Иргэдэд туслах сан”-д жил бүр улсын төсвөөс 240 орчим сая төгрөгийг төсөвлөдөг. Улсын онцгой комисст хүсэлт тавьсны дагуу иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандив тусламжаас өнгөрөгч наймдугаар сард 300 сая төгрөгийг “Иргэдэд туслах сан”-д авсан. Одоогийн байдлаар 167 сая төгрөг үлдсэн байна. Өнгөрөгч жил гаруйн хугацаанд гадаад, дотоод эх үүсвэрээс 800 иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэгийг үзүүлээд байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ