Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Covid-19 халдвар батлагдав

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Covid-19 халдвар батлагджээ. Тус аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани өчигдөр /2021.01.31/ ээлж солилцох ажлыг зохион байгуулсан юм байна. Уурхай дээр Улаанбаатар, Дархан-Уул, Орхон болон бусад аймгаас ирсэн 534 ажилтан байсан. Тэднээс Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд оршин сууж байгаа 27 настай эрэгтэйгээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан аж. PCR шинжилгээний хариу өнгөрсөн шөнийн 02.00 цагт гарч, шинжилгээний хариу батлагджээ. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг дарга тэргүүтэй онцгой комиссын төлөөлөл газар дээр нь очиж ажиллахаар 04.00 цагт хөдөлсөн байна.
Энэхүү мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Эрүүл мэндийн яаманд байрлах Улсын онцгой комиссын шуурхай штабт өнөөдөр /2021.02.01/ажиллах үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ