ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ: Нийслэлийн хэмжээний халдварын тархалт гарахад бэлэн болсон

Монгол Улсад сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн коронавируст халдварын тоо өмнөх дөрвөн долоо хоногийн дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт дотоодын халдварын 126 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 30 хувиар өссөн дүн юм.
Сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж, ажиглан тусгаарлах байранд авсан хүмүүсээс ихэвчлэн халдвар илэрч байгаа ч гэсэн тэдгээр хүний хоёрдогч, гуравдагч хавьтлын тоо нэмэгдээд явдаг. Энэ халдвар хүн ардын дунд тархах эрсдэл маш өндөр болчихоод байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Өчигдөр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эрсдэлийн үнэлгээг хийхэд "Нийслэлийн хэмжээний халдварын тархалт гарахад бэлэн болсон байна" гэж дүгнэлээ. Мөн нийслэлд өвчлөл нэмэгдээд байвал эмнэлгийн бусад төрлийн тусламж үйлчилгээ хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа халдвар авсан 65-аас дээш насны хүмүүсийн биеийн байдал нь хүндэрч байна.
Худалдаа үйлчилгээний байгууллагууд ажиллаж эхэлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжсэн зэрэг нь халдвар эрс нэмэгдэхэд нөлөөллөө. Халдвартай тэмцэхийн тулд ард иргэд маань аль болох гадуур явахгүй байх шаардлагатай байна.
Үүнээс гадна сүүлийн үед хавьтлаа хэлэхгүй байх, хавьтлынхаа хаягийг буруу хэлэх, утсаа авахгүй байх гэх мэтээр ажил хүндрүүлэх тохиолдол их гарах боллоо" хэмээн ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ