Ирж буй 2021 он, үхэр жилийн өнгө зурхайд хэрхэн буусан байгаа вэ ?

Ирж буй 2021 он, үхэр жилийн өнгө зурхайд хэрхэн буусан байгаа вэ ?
-XVII жарны “Цөөвөр" хэмээх төмөр үхэр жил гарч байна. Манайхан жилийн өнгө ажиглаад хүн бүрт нийтээрээ нэг жил гарах юм байна гэж бодоод байдаг. Тийм юм бол байхгүй бөгөөд хүн бүрт өөрийнх нь хураасан буян, үйлийн үрийн Ялгамжаар тус бүрт нь жил өөр гардаг.
Хүн бүр дор бүрнээ буян хурааж, хилэнцийн үйлийг багасгаж , байгаль уул ус руугаа халдахгүй байж , ёс уламжлалаа дээдлэх, жаахан гэгээрэл рүү шамдахгүй бол энэ маягаар үргэлжлээд байвал бид дахиад хүнд асуудалд орно.
Мэдээж цар тахал бол эхэлсэн цагтай, дуусах хугацаатай, энэ нь цаг хугацааны л асуудал. Гэвч үүнээс хүнд асуудал нь бидний хоорондын эв нэгдэлгүй байгаа байдал, асар их шунал, эрх ашиг хөөцөлдөх, сэтгэлийн тахал өвчин, оюуны хоосрол гэдэг зүйл нүүрлэхээс айх хэрэгтэй. Энэ бидэнд хамгийн том аюулын харанга болоод байна.
Шороон үхрийн шинж ямар байна вэ?
-Үхэр жилийн ерөнхий төлөвийг шороон үхрийн шинжээр илэрхийлэхэд үхрийн толгой цагаан, ходоод бие шар, өвчүү омруу ногоон, эвэр чих сүүл нь ногоон, дөрвөн шийр нь улаан, цулбуур нь шар, ногт нь улаан өнгөтэй, амаа хамхиж, сүүлээ баруун тийш нь шарвасан байдалтай байна. Харин үхэр хариулаач нь царай нь улаан хүн , малгайныхаа чихийг зүүнээ буулгасан, хөх дээлтэй, үсээ хоёр чихнийхээ араар хийсгэсэн, ногоон гутлынхаа барууныг өмсөж, зүүнийг нь шар бүсэндээ зүүсэн, хөх бургасан иштэй унгасан шилбүүр барьсан хүч чадал бага, идэр залуу хүн үхрийнхээ өмнө яаравчлан гүйж байгаа байдлаар зураг гарсан байна. Үүнийг тайлбарлавал, залууст буюу дунд суудалтанд сайн. Идэр залууст сайн жил гарна. Нялхас буюу түмэн олонд дунд, өвгөдөд буюу дээд суудалд хүнд тааруу жил гарч байгаа юм.
Тэгэхээр залууст ажил үйлс хийхэд сайн жил. Өтгөс, нялхас буурлуудад тааруу жил гарч байгаа учраас өндөр настан буурлууд насны бүтээлд шамдаж, Цагаан дарь эхийн тарнийг тоолох биеэ анхаарч, идээ ундааны шимийг тохируулан хэрэглэх нь зүйтэй. Ерөнхий төлөв байдал гэвэл, төр хууль цаазын хэрэгжилт сулрах шинжтэй. Улс эдийн засаг бага зэрэг сайжирна, иргэдийн амьдрал ахуй тааруу , хямрах , тэмцэл болох нигууртай. Эрүүл мэнд сайн, зарим хот суурин газарт галын аюул гарч болзошгүй.
Жил, улирлын эхэн үед өндөр уулын бүсэд цас, бороо элбэг орох, мөн жилийн эхээр салхи ихтэй, тал нам дор газар өвлийн саруудад зудтай, зун, намрын саруудад газрын шим арвижих, тариа хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц элбэг. Урт намар болох нигууртай, буян хурж мал эд агуурс дэлгэрнэ. Хүнд сайн, малд жаахан тааруу. Эр хүн яруу алдрыг олох, эм хүн тайван амар амгалан байх ерөнхий төлөвтэй жил гарч байна.
Мөр гаргах нь ямар утга учиртай бэ?
Монголчууд бэлгэдэлийн ард түмэн. Шинийн 1-ний өглөө Зүг мөрөө зөв гаргавал тухайн жилдээ өвчин зовлонгүй, ажил үйлс бүтэмжтэй байхын гол зурхайн ёс юм. Жилийг яаж угтах нь маш чухал. Шинийн 1-ний өглөө юу хийнэ тэр жилжингээ тухайн байдлаараа байдаг. Хүнд 4 сайн зүг, 4 муу зүг гэж байдаг. Зурхайд заасан сайн зүгт зүгээ гаргавал тэр жилийн ажил үйлс нь амжилттай, бүтэмжтэй байх болно. Харин 4 муу зүгтээ мөрөө гаргавал тухайн жилийн ажил үйлс бүтэмжгүй байна хэмээдэг.
“Цөөвөр” гэх энэ жилийн нэг онцлог нь дүүлэх , нисэх , харайх , огцом үсрэлт хийх гэсэн утгыг агуулж байна. Тэгэхээр гэнэт том ажлыг зориод бүтээе гэж байгаа бол үхэр жил ээлтэй. Залуус зорьж байгаа ажлаа бүтээе гээд зүтгэх юм бол асар их ажил бүтэх нигууртай жил ургаж байна. Түрүүн хэлсэнчлэн нийтээрээ буян хураах , гэгээрэлд шамдах нь зүйтэй.
Хүмүүс буянд шамдахаа болиод, Сэтгэлийн ариусал дотоод сэтгэлээ ариусгах , муу адын сэтгэлээ даръя гэхээсээ илүүтэйгээр зугаа цэнгэлд автах , амар хялбар аргаар амьдрах зүйл рүү залуус давамгайлах болсон . Ёс уламжлал гэхээсээ илүү гадны юм руу их шүтээд байна.
Энэ талаар адын номд өөрийн гэсэн зүйлээ үл тоогоод, бусдын зүйл үнэ цэнтэй харагдаад байдаг. Ингэснээр сэтгэлийн ад үүсдэг гэсэн байдаг. Адын хорлол автаж , өөрийн хийсэн буруу үйлээс болж сэтгэл нь гэмтдэг. Ингэж адын сэтгэлтэй болсноор хүнийг хорлоход баясах, сайн явж байгаа найзаа доройтоход нь баясаж, доройтоход нь хүчин туслалцаа үзүүлэх, муу үйлд даган баясах, амьтныг алахад баясах мэтээр адын сэтгэл шүглээд байна.
Үүнийг барихгүй бол хүн адгууснаас ялгарах зүйлгүй болно. Тиймээс энэ жилд сэтгэлийн амар амгалан байдлыг адад эзлүүлэхгүй байж , нийтээрээ буянд шамдвал зохилтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ