"Монгол Улс тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ ч коронавирусийн эсрэг вакцинд хамруулна"

Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой мэдээллийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өглөө.
"Коронавирусийн эсрэг вакциныг иргэдэд өөрсдийнх нь сонголтоор хийнэ"
Тэрбээр “Өнөөдөр AstraZeneca вакциныг албан ёсоор ДЭМБ зөвшөөрчээ. Ингэснээр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхий нийтээр дархлаажуулах ажлыг эхлүүлж болно гэсэн үг юм.
Тиймээс Монгол Улсад орж ирэх AstraZeneca компанийн вакцин нь ДЭМБ-ын албан ёсны зөвшөөрөлтэй хэмээн ойлгож болно.
Мөн ДЭМБ-аас зөвшөөрсөн, зөвшөөрлөө хүлээж байгаа хэд хэдэн вакцин бий. Иргэд ОХУ-ын вакциныг авах эсэхийг их асууж байна.
Манай улс хойд хөрштэйгөө олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд “Cпутник V” вакциныг ДЭМБ зөвшөөрсний дараа шат дараатайгаар, сонголттойгоор хийнэ. Мөн БНХАУ-ын Сенефарм компанийн хөгжүүлсэн вакциныг авахаар бэлтгэл ажлаа хангаж буй.
Энэ мэтээр дэлхий дахинд үр дүн нь онол практикийн хувьд гараад явж байгаа вакцинуудыг иргэдэд өөрсдийнх нь сонголтоор хийх болно" гэв.
"Манай улс насанд хүрсэн 2 сая орчим иргэнээ бүгдийг нь вакцинжуулалтад хамруулна"
Үргэлжлүүлэн “Гадаадаас чартер нислэгээр ирж байгаа иргэдээ ч мөн коронавирусийн эсрэг вакцинд хамруулна.
Шатлалын хувьд эрүүл мэндийн ажилтан, архаг хууч өвчтэй хүмүүс, хөл хориог сахиулж байгаа алба хаагчид, өндөр настнуудыг түрүүлж хамруулна. Ийм шатлалаар гадаадаас ирж байгаа иргэд маань хамрагдаад явна.
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад Монгол Улсын насанд хүрсэн хоёр сая орчим иргэн бүгд хамрагдана гэдгийг хэлье. Монгол Улсын хүн амын 40 хувь нь хүүхэд учраас хүн амынхаа 60 хувийг буюу насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна гээд байгаа юм.
Дэлхий нийтэд одоогоор коронавирусийн эсрэг хүүхдэд тарьж болох вакциныг эцэслэн шийдээгүй байна” гэдгийг онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ