52 хүнээс халдвар илэрсний 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ

Covid-19 халдварын талаарх нөхцөл байдлын ээлжит мэдээллийг өнөөдөр /2021.2.21/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Энэ сарын 20-нд 44018 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 52 хүнд Covid-19 вирус илэрсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 24 нь "Нэг хаалга, нэг шинжилгээн"-ний хүрээнд илэрсэн бөгөөд 15 нь анхных, ес нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байлаа.
"Нэг хаалга нэг шинжилгээ"-ний хүрээнд 10 хоногт нийт 78 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 41 -нь анхны, 37 нь ойрын хавьтал байлаа. Өнөөдөр шинээр илэрсэн тохиоллын 24 нь өмнөх тохиолдлуудын хавьтлууд байлаа.
Сүүлийн 24 цагт Яармагийн 300 ортой эмнэлгээс 18 хүн эдгэрч, гэртээ гарсан. Улсын хэмжээнд нийт халдварн батлагдсан тохиолдлын тоо 2638 болсноос 1864 нь эдгэрч, 759 хүн эмчлэгдэж байна. Улаанбаатар хотод нийт кластер өвчлөлийн тоо 1798, улсын хэмжээнд кластер өвчлөлийн тоо 2124 болсон. Ойрын хавьтлын тоо сүүлийн хоногт 117-оор нэмэгдэж 829, хоёрдогч хавьтал 1312 хүнийг ажиглан тусгаарлаж байна.
Covid-19-ийн халдвараар өвчилсөн эхээс мэндэлсэн хоёр хүүхэд ХӨҮСТ-д байгаа. Дээрх хоёр хүүхдийн нэг нь халдварт өртсөн. Одоогоор эх нярайн биеийн байдал сайн байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг:
-Орон зайн дүн шинжилгээний багийн хийсэн үнэлгээгээр Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18, Баянзүрх дүүргийн 8, 16, 25, 26 дугаар хороонд халдвар илрэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс халдварын эрсдэл өндөр байгаа дээрх хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй тул халдварын эрсдэлтэй хороодод амьдарч байгаа иргэдийг гэрээсээ ажиллахад анхаарах хэрэгтэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ