ХӨСҮТ:АстраЗенека вакцины хэрэглээг түр хугацаанд зогсоосон гэдэг нь худал мэдээлэл

Британи-Шведийн AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин хүний биед цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дараа Европын зарим орнууд тус вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түр зогсоожээ.

Тухайлбал Дани, Норвеги, Исланд улсууд шалгалтын үр дүн гарах хүртэл AstraZeneca вакциныг хэрэглэхийг түр зогсоосон юм. 

Мөн Итали, Австри, Эстони, Латви, Люксембург, Литва улсууд хэсэгчилсэн хориг тавьж, хамгийн сүүлд Европын Холбооноос гишүүн 17 орондоо түгээсэн нэг сая тун AstraZeneca вакцины багцыг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахгүй байх шийдвэр гаргасан байдаг.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад “Одоогийн байдлаар АстраЗенека вакцинаар 60 мянга гаруй хүнийг вакцинжуулаад байна. Вакцинжуулалт хэвийн явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, АстраЗенека вакцины хэрэглээг түр хугацаанд зогсоосон гэдэг нь худал мэдээлэл. АстраЗенека вакцин аюулгүй учраас хэвийн үргэлжлүүлж байгаа гэж ойлгож болно. ЭМЯ болон ХӨСҮТ-ийн эрдэмтэд ч вакцины мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Вакцинжуулалтын дараа илэрдэг хэвийн урвалууд иргэдийн 50 орчим хувьд нь илэрч байгаа” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ