Өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлуудаас

Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ энэ долоо хоногт болж өрнөсөн сайхан мэдээллийг эргэн сануулж байна.
Даваа гараг 2021-3-8
Эл өдөр ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. Долоо хоног ийм сайхан өдрөөр эхэлж байсан нь гайхалтай. Энэ өдөр мянга мянган бүсгүйчүүд инээмсэглэн байдаг нь сайхан. Үзэсгэлэн гоо ээжүүд, энхрий бяцхан охид бүсгүйчүүд яг л энэ өдрийнх шиг гайхалтай өдрүүдээр үргэлж хүрээлүүлж байгаасай. Хариу нэхдэггүй ачтан, хайр харамлаагүй энэ их гайхамшигт бүсгүй хүн энэ өдөр гэлтгүй ямагт эрх чөлөөтэй, инээмсэглэл цацруулан байгаасай гэж хүснэ. Бид ирэх энэ өдрүүдээр эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг улам тод дуу хоолойгоо илэрхийлдэг болохсон. Зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд бүсгүйчүүдийнхээ эрхийн төлөө дуугардаг болчихвол ч...
Мягмар гараг. 2021-3-9
М-Си-Эс Кока-Кола компани түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа.
Ингэснээр агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болов. Ийм сайхан мэдээ, сайхан үлгэрлэл нь ирээдүй маань ямар гэрэлтэй байгааг илтгэх биз ээ.
Жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсноор М-Си-Эс Кока-Кола компани нь байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлэх зорилтдоо хүрчээ.
“Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжийг компанийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой боллоо” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав онцоллоо.
М-Си-Эс Кока-Кола компани нь М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан аж.
Эдгээр нь холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг шинэ технологийн зуухнууд юм. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын үе нь дэлхий дахинд цар тахал дэгдсэн хөл хориотой давхацсан тул тус компанийн удирдлагууд тоног төхөөрөмжийн нийлүүлэгч талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тохируулга туршилтын ажлыг зайнаас удирдах виртуал хувилбарыг сонгосон нь Монгол инженерүүдийн ур чадварыг шалгасан, цаг хугацаа хэмнэсэн, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн ажил болжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, түүхий нүүрсээр ажилладаг зуухтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг боллоо” хэмээн уг төслийн ач холбогдлыг үнэлсэн юм.
М-Си-Эс Кока-Кола компани нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай баримталдгийн бас нэгэн жишээ энэхүү төслөөр үргэлжилж байна.
Лхагва гараг 2021-3-10
Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпын наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. Анхдагч болсон үзэсгэлэнт бүсгүйгээрээ бид ихэд бахархан, хүндэтгэх сэтгэл төрнө.
“Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ.
Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн.
Тэрбээр 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021оны Залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпын наадамд тус тус шүүгчээр ажилласан.
Ингэснээр манай улсаас хоёр эмэгтэй шүүгч “Токио-2020” олимпын наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд орж байна. Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчид Т.Энхцэцэг багтаад байгаа билээ.
Пүрэв гараг 2021-3-11
Энэ өдөр олны анхаарлыг зүй ёсоор татаж байсан үйл явдал бол Япон улс манай улсад 1,3сая тун вакцин хандивлах болсон явдал байв.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Гадаад харилцааны яаманд болов.
Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар байлцав.
Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Баасан гараг 2021-03-12
Эл өдөр долоо хоногийн хамгийн дулаахан өдөр бөгөөд оюутан залууст зориулсан хамгийн дулаахан мэдээтэй өдөр юм.
БШУЯ: Америкт бага төлбөрөөр суралцах боломжийг нээлээ.
Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай. Өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байна. Гэрээнд 90 хүртэлх кредитийг сургууль хооронд шилжүүлэхээр тусгалаа. Жорж Мейсоны сургууль гадаад оюутнаас нэг жилд 26 мянган ам. долларын төлбөр авдаг. Тэгвэл өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд зөвхөн Монгол оюутнуудад таван мянган долларын тэтгэлэг олгохоор болж байна. Дээр нь тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Энэ жишгээр дараагийн гэрээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам Канзасын их сургуультай байгуулахаар ажиллаж байна.
А.Сайханбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ