"Манай улс хүн амынхаа 12 хувийг дархлаажуулах хэмжээний вакцин хүлээж авсан"

ЭМЯ, ХӨСҮТ-өөс зохион байгуулсан өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр вакцинжуулалттай холбоотой асуултуудад ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах хариултыг өглөө. 

-Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын эхний тунд ямар бүлгийн хүмүүсийг хамруулж байна? 

-Манай улс дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт хүн амынхаа 12 хувийг хамруулах хэмжээний вакциныг хүлээж авсан. Энд халдварын эсрэг хариу арга хэмжээ авч, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон бусад албан хаагчдыг хамруулж байна. Мөн халдвар авсан, хүндрэх эрсдэлтэй бүлэг буюу 60-64 насны хүмүүсийг ирэх долоо хоногоос вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Учир нь, вакцин хийж буй эмч, ажилтны хүний нөөц, цэгүүдийг хуваарилж, нэн түрүүнд хөдөлгөөнт хүн амаа вакцинжуулахаар ажиллаж байна. Энэ нь олон хүнтэй харьцан үйлчилж буй худалдаа, үйлчилгээний салбарын ажилтан ажилчид юм. 

-Вакцин хийлгэсэн иргэдийн хэдэн хувьд сөрөг урвалын хүндрэл илэрч байна вэ?

-Бид вакцин хийсний дараа гарах урван хүндрэлийг байнга хянаж байна. Нийт хамрагдсан хүмүүсийн 44.8 хувьд халуурах, 48.8 хувьд вакцины зааварт тусгасан урвалууд шинж тэмдэг илэрч байна. Хариу урвалын шинж тэмдэгүүд 2-3 хоногоос дээш удаан хугацаанд үргэлжилж зовуурьтай байвал эмнэлэгт, эмчид хандаэ шинж тэмдэгийн эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. 

-Вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст хоёр дахь тунг хэзээ хийх вэ?

-Вакцины дараагийн тунг товлосон хугацаанд нь хийнэ. Товлосон хугацааг иргэдийн гар утсанд мессежээр мэдээлнэ. Түүгээр баримталж хийнэ. Одоо хийж байгаа вакцинуудын хувьд интервал буюу хоёр тунгийн хоорондох зай ялгаатай байгаа. Жишээ нь, "АстраЗенека" вакцины хувьд 28 хоногийн хугацаатай хийгдэхээр байсан ч хамгийн багадаа найман долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийснээр тухайн вакцины үр дүн нэмэгдэж буй нь судалгаагаар гарсан

- "АстраЗенека" вакциныг зарим улс орон хэрэглэхээс татгалзаад байна. Энэ талаар ДЭМБ-аас ямар нэгэн зөвлөмж ирүүлсэн үү?

-ДЭМБ-аас тус вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх зөвлөмж бүхий уриалгыг хүргүүлж байгаа. Зарим улс оронд түр зогсоосон байгаа хэдий ч энэ вакцин нь халдвараас, хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байгаа тул үргэлжлүүлэн хийж иргэдийг халдвараас хамгаалж сэргийлж байна. Тиймээс улс орнууд судалгаа, шинжилгээний үндсэн дээр дээрх вакциныг үргэлжлүүлэн хийх шийдвэрээ гаргасаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ