ОБЕГ: Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 1 хүүхэд, 5 том хүн эндэж, 81 хүнийг эрэн хайж байна

Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болов. 

Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч, сураггүй болсон дуудлагаар аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан байна. 

Алба хаагчид  цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467  хүнийг эсэн мэнд олжээ. 

Энэ талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Учир нь өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр орон нутагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон юм. Үүний улмаас Архангай аймагт 1 хүүхэд, Дундговь аймагт 5 том хүн эндсэн байна.  Мөн өнөөдрийн байдлаар Дундговьт-68, Говьсүмбэрт-2, Төв аймагт-2, Өвөрхангайд-5, Өмнөговьт-4 нийт 81 иргэнийг эрэн хайж байна. 

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 58 гэр нурж, 120 хашаа,  20 байшингийн дээвэр,  1200 мал шуурга уруудсан байна. Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүчний 216 дугаар тулгуур багана унаж, Увс, Ховд, Говь-Алтай аймагт цахилгаан эрчим хүчгүй болсон. Мөн зүүн бүсийн аймгуудад 207 дугаар тулгуур баганад гэмтэл гарч, Сүхбаатар, Дорнод аймагт цахилгаан эрчим хүчгүй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ