Дундговь аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл өгч байна

Дундговь аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл өгч байна.

Тухайлбал өчигдөр буюу гуравдугаар сарын 14-нд  болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас тус аймагт одоогийн байдлаар дөрвөн сумын зургаан хүний амь эрстээд байна. Аймгийн Шуурхай штаб болон Онцгой байдлын алба хаагч нар 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 455 хүн сураггүй болсон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу 223 алба хаагч, 74 тээврийн хэрэгсэлтэй, ар гэрийнхний 90 гаруй хүн 46 тээврийн хэрэгсэлтэйгээр өчигдрийн 19:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй. Одоогийн байдлаар 17 хүнийг үргэлжлүүлэн хайж байна.

Цаг агаарын аюултай үзэгдлийг гуравдугаар сарын 10-наас эхлэн анхааруулга мэдээ хүргэсэн. Гуравдугаар сарын 14-ний өдрийн 10:15 минутаас эхлэн Эрдэнэ-Далай сумаас эхлэн хүчтэй салхи шуурсан. Тус суманд салхины хүч 34 метр секунд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Дундговь аймгийн нийт нутгаар шороон шуурга болж, тас харанхуй болж онц аюулын түвшинд хүрчээ.

Сүүлийн жилүүдэд болоогүй байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Өмнө нь 2004-2006 онд нутгийн зарим хэсгийг хамарсан шуурга болж байсан бол энэ удаа нутгийн бүх хэсгийг хамарсан аюулт үзэгдэл боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ