Иргэн А.Цэрэнпил засгийн газарт шаардлага хүргүүлж хөл нүцгэн зогслоо

Иргэн А.Цэрэнпил "хэлмэгдсэн" гэх хоёр хүүхдийнхээ хэргийн үнэн зөвийг тодруулахын тулд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, Засгийн газрын үүдэнд хөл нүцгэн зогслоо.
Тэсгэм хүйтэнд эсэргүүцлээ илэрхийлэн хөл нүцгэн зогсох тэрээр "Би хэн нэгний захиалгаар яваагүй. Хүүхдүүдийг минь хүн наймаалсан, насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлсэн хэргээр барьж, эрүү шүүлт тулгасан. Өнөөдөр миний хөл нүцгэн алхах юу ч биш, миний хүүхдүүд алхаж ч чадахгүй байна" гэв.
Шаардлагад:
Миний хүү Баярцогт овогтой Алтайбаатар, Э.Анхбаяр нар нь хамтдаа хувиараа гүүзүү засвар, граш ажиллуулдаг байсан. 2018 оны аравдугаар сарын 18-нд ахынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гээд гарсан ба тэр өдөр Г.Идэрбат гэх хүн Б.Алтайбаатар руу утасдаж уулзая гэсэн. Э.Анхбаяр нь 4 настай хүүхэд рүүгээ явсан бол Б.Алтайбаатар, Г.Идэрбат нар хорооллын хоолны газарт орж байтал тусгай багтай хүмүүс барьж авч явсан.
Г.Идэрбат "санхүүгийн дэмжлэг авна" зарын дагуу холбогдсон охидод өөрийн бичиг баримтаар байр хөлсөлж өгсөн байна. Б.Алтайбаатар нь туслахыг гуйсны төлөө унаа тэргээр үйлчилсэн. Улмаар миний хүү Б.Алтайбаатарт 20 жилийн ял оноосон. Э.Анхбаяр нь эхнэртэйгээ муудалцаад тус байранд түр байрлаж байсных нь төлөө 17 жилийн хорих ял оноосон. Миний хоёр хүү нь өөрсдийн хөдөлмөрөөр ажиллаж байсан ба хэргийн явцад дөрвөн цагдаа 48 цагийн турш зодож эрүүдэн шүүсэн. Дээрх хэргийн үнэн мөнийг тодруулж өгнө үү. хэмээн бичсэнийг А.Цэрэнпил уншиж танилцуулав.
Шаардлагыг цагдаа нар холбогдох албаны хүнд дамжуулан өгсөн ба А.Цэрэнпил нь хариу өгөх хүртэл "Засгийн газрын ордныг тойрч алхана, удвал хувцсаа тайлж эхэлнэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ