Дарь Эхийн өргөөнөөс өвчинөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээг олдог

              Өвчин зовлон гэдэг хэнд  ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа айлын хаяанд, хэн нэгний хажуу өрөөнөөс өглөө эмнэлэг явна гэдэг тийм ч амар биш. Ямар ч хүнд нэрэлхэх, санаа зовох сэдэл төрөх нь мэдээж хэрэг. Харин өргөө гэртээ байрлуулж, унаа машинаар зорьсон газарт нь хүргэж өгөх “Дарь Эхийн өргөө ”-г иргэд таньж мэддэг болсоноос хойш өөрийн гэр шиг элгэмсэг санаж, зорьж ирдэг болжээ. Бид энэхүү буянтай өргөөний  хоймроос иргэдийн халуун дулаан сэтгэлийг уншигч та бүхэнд хүргэхээр тус газрыг зорьлоо. 
         Үүд хоймроосоо эхлэн инээмсэглэн  угтах Дарь Эхийн өргөө 2019 онд байгуулагдсан.  “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Цэцэгсайхан, өөрийн эмээ Монголын эмэгтэйчүүдийн хавдрын анхны эмч,  Дарь эмчийн дурсгалд зориулж нэрлэжээ. Мөн энэ өргөөнд Дарь-эхийн энэрэл ивээл шингэсэн байдаг.  
    Анх нээгдсэн цагаас нь ажиллаж буй зохицуулагч Ядамсүрэнгийн Галаа гуай ажилдаа сэтгэл зүрхээ зориулан байдаг, инээмсэглэл цацруулсан нэгэн. 
      Я.Галаа:  Анх бид унаа машингүй байхад хүндрэл их байлаа. Эмнэлэг хүртлээ иргэд маань зөөлөн зөөлөн алхаад л, автобус хүлээгээд л, асуудал их байсан. Сайхан сэтгэлт хандивлагчийн тусламжаар бид иргэдээ зөөвөрлөх унаатай болсон. Өвчтөнүүд тэдний асран хамгаалагчидийг өглөө 08 цагаас эхлээд шинжилгээнд нь хүргэж өгөхөөр гардаг.     Эмч нар , эмнэлгийн суртал чирэгдэл бас байна аа. Олон газрын нэр хэлээд ийш тийшээ явуулдаг. Энэ бүхэнд нь бид унаа машинаараа үйлчилж, амжуулна. Хөдөө орон нутгаас ирсэн иргэдэд эмнэлэгээр явахад маш их хүндрэлтэй байдаг шүү дээ. Унаатай болсоноос хойш хүргэж өгөөд, очиж аваад, энэ бүх үйл хэрэгтээ бид маш сэтгэл хангалуун байгаа. Эрүүл саруул болоод инээгээд буцах иргэдээ харахаар сэтгэл их хөдөлдөг. Өвчинөө ялан дийлэхэд нь ч бид бүх бололцоогоороо туслахыг хичээдэг. Яг одоо л гэхэд 20 минутын дараа эх нялхас руу хөдлөнө. 1,8 настай нярайгаа ээжтэй нь цуг хүргэж өгнө дөө. Ингээд л манай ажил дуусахгүй шүү дээ. \инээмсэглэв\  
       Хотод ирсэн өвчтөн ар гэрийхэнийг түр байрлуулах үйлчилгээ бүхий өргөөндөө иргэд тун ч сэтгэл хангалуун байх ажээ.  Дотоод гадаадын хандив тусламж, сайхан сэтгэлийн дэмжлэгээр тэд ямартай ч өвчтөн үйлчлүүлэгчээ зөөвөрлөх унаатай болсон. Буяны мөр цагаан учраас тэр байх.  
         1нас 8сартай Г.Ирмүүнзаяа охины ээж С.Болортунгалаг:  Охин маань цусны хавдар оноштойгоор хотод эмчлүүлэхээр ирсэн. 11сараас хойш Дарь эхийн өргөөндөө байрлаж байгаа. Хөдөөнөөс ирсэн бид чинь гэр орон шиг ээ л санадаг. Ах дүү, хамаатан садан байлаа ч гэсэн айлд байхад бас хэцүү шүү дээ, цаанаасаа нэг нэрэлхүү, санаа зовоод байдаг юм. Эндээ бид чинь санаа амар байдаг юм. Эх нялхасын цусны төвд хими эмчилгээ хийлгэж байгаа. Охиноо тоглодог, босоод явдаг болтол  нь эндээ байрлана. Өглөөдөө унаагаараа хүргүүлээд л, ажлаа амжуулж эмчилгээгээ хийлгэчихээд л гэртээ харьж яваа юм шиг л буцаад ирдэг юм. Хоол ундаа эндээ хийгээд, хүүхдээ асраад ийм сайхан газар ирсэндээ баяртай байдаг.      

 Баян-өлгий аймгийн Цэнгэл сумаас ханиа эмчлүүлэхээр ирсэн өндөр настан Мутайгалин Дагыс:  Хөгшинөө эмчлүүлэхээр хотод 2 сарын 25нд ирсэн. Улаанхоолойн хавдар гэж оношилсон, одоо ахиад ч сар гаран эмчлүүлэх байх. Дарь Эхийн өргөөндөө ирсэндээ баярлаж явдаг юм. Хүрэх газраа хүргүүлчихнэ, дуудаад авхуулчихна. Үнэ төлбөр авахгүй унаагаараа үйлчилж байна. Настай бид 2 чинь үр хүүхэд бүгд хөдөөнөө, хотод суух газаргүй. Энэ байгууллагын үйлчилгээ сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжилгээр бий болсон байна, түүгээрээ бидэндээ үйлчилж байгаа юм шүү дээ. Гал тогоо нь сайхан тохилог өөрсдөө хоолоо хийчихнэ, ор дэвсгэр , өрөө танхим их сайхан. Энэ буянтай хүүхдүүдийн үйл хэрэгт төр засаг нь анхаарч, дэмжээд өгвөл улам сайжирч, ийм байгууллагууд ч улам олширно гэж бодож сууна даа.  Ийм нэгэн буурлын үгийг бид уламжлах учиртай. 
     Дарь Эхийн өргөөнөөс Хавдар судлалын эмнэлэг, Эх нялхас, Гуравдугаар эмнэлэг хүртэл явган, эсвэл автобусаар явах хугацаанд хавдартай хүн хэр их хугацаа алдах вэ? Цар тахалын үед хэр олон хүнтэй таарах бол? Энэ бүх эрсдэлээс иргэдээ хамгаалж, тэдэнд сайн нөлөө үзүүлж байгаа энэ мэт үйл ажиллагааг төр засгаас дэмжээд тэтгээд өгвөл түмэн олонд маань л хэрэгтэй юм болов уу? Тиймээ Дарь эхийн өргөөнөөс өвчнөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээг олдог тухай тэд ярьж байсан юм.  
   
  
 А.Сайханбаяр                                                                                                                                  
                                                                                                                                                  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ