ОУХМ Э.Цэвэгмид:Сүүлийн 3 жилд Батцэцэгийг би л ялсан, гэтэл ганцхан намайг сорил хийлгэнэ гээд байгаа

             Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алма-Аты хотод дөрөвдүгээр сарын 12-17-нд болно. Тэмцээнд манайхан бүтэн багаар буюу арван жинд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулиа базааж байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн арван жингийн ест нь зодоглох бөхчүүдийн нэр тодорхой болсон бол 72 кг-д барилдах бөхийг сорилоор тодруулах гэнэ.                                    
Чөлөөт бөхийн ОУХМ, Армийн дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын хошой хүрэл медальт Э.Цэвэгмидтэй энэ тухай болон сүүлийн үед өрнөөд буй үйл явдлын талаар ярилцлаа.                                             
-Юуны өмнө миний хүсэлтийг хүлээн авч, ярилцаж байгаад баярлалаа...                                         
-Хүсэлт тавьсан танд ч бас баярлалаа. 
                                          
 -Сүүлийн үед болж буй үйл явдлын талаар та эхлээд тайлбар хийх үү?                                  
-Би шигшээ багийн багш нарын гаргасан шийдвэр болон ялгаварлан гадуурхсан үйлдлийг эсэргүүцээд байгаа юм. Энэ явдал чухам юунаас эхэлсэн бэ гэхээр шигшээ багийн багш нар нэгдүгээр сарын 31-нд шийдвэр гаргаад, хоёрдугаар сарын 5-нд сонгон шалгаруулалт зохион байгуулах болсон байсан. Энэ сорилт тэмцээнээр Азийн аварга болон Олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох бөхчүүдээ сонгоно гэснийг нь би хамгийн их эсэргүүцсэн л дээ. Яагаад эсэргүүцэх болсон бэ гэвэл 2020 оны 11-р сараас хатуу хөл хорио тогтоож, заал танхим хааж эхэлснээр миний, манай багийн бэлтгэлжих боломж хаагдсан. Би энэ хугацаанд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баттулга багш нэгэн хувийн дэвжээнд хүүхдүүд нууцаар бэлдэж байгааг сонсоод хамрагдахыг гуйсан ч "Бэлтгэл хийгээгүй" гэж надаас нуусан. Тэгээд тэр газар нь очоод бэлтгэл хийх гэтэл өдрийн 40 мянган төгрөгний төлбөртэй байсан юм.                                                        
2021 оны нэгдүгээр сарын 11-нээс үндэсний шигшээ баг "Найрамдал" зусланд цугларалтанд гарахад бэлтгэлд хамрагдахыг гуйтал "Зөвхөн цалинтай тамирчид хамрагдана" гэсэн. Тэгснээ хоёрдугаар сарын 5-нд гэнэт сорил тэмцээн хийнэ гэхээр нь би эсэргүүцсэн юм. Угаасаа ковидын улмаас бүх тэмцээний арга хэмжээг хаасан журмын хувьд миний зөв байсан ч шигшээ багийн багш нар намайг бэлтгэлд гарах болон тэмцээн уралдаанд оролцох гээд бүх зүйлээс хассан байлаа. Харин бусад жинд сонгон шалгаруулсан тамирчид нь улсын аваргаас медаль хүртээгүй бас адилхан амжилттай бөхчүүд байхад нэг талыг хэт барьж сонгосон байсан. Яг үнэндээ бол хэл ам хийж, амжилтаа хэлж ярьсны эцэст бэлтгэлд гарсан шүү. Шударга бус сорил тэмцээнийг нь хүлээн зөвшөөрөөгүй надаас бусад тамирчин өнгөрсөн жилийнхээ амжилтаар яваа. Гэтэл ганцхан намайг сорил хийлгэнэ гээд байгааг нь би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Надтай сорилдож байгаа манай багийн тамирчинтай адилхан амжилттай 50, 62, 76 кг-ын охидыг сорилдуулахгүй хэрнээ зөвхөн надтай сорил хийлгэх гээд байгааг хоёрдугаар сарын 5-ны сорилыг эсэргүүцсэнтэй маань холбоотой гэж бодож байна.                                                   
 Шигшээ багийн Баярсайхан дасгалжуулагч миний өмнө ""Алдар"-ын п...-нуудыг олноор нь бэлтгэлд гаргахаар ингэдэг" гэж чарласан. Манай баг улсын аварга шалгаруулах тэмцээний нийт 80 медалийн 22-ыг нь хүртсэн ч тамирчид маань бэлтгэлд тэр бүр хамрагдаж чаддаггүй. Харин шигшээ баг болон холбооны холбогдолтой багш нар улсын аваргаас медаль хүртээгүй бөхчүүдийг бэлтгэлд байнга хамруулж, тив, дэлхийн аваргын тэмцээнд хүртэл оролцуулж байгаа. Энэ асуудлаас, тамирчдыг ялгаварлан гадуурхсанаас болж их асуудал үүсдэг. Хөшигний ард болдог их зүйлийг ярьж дуусахгүй ээ.                                             Хэрвээ хоёрдугаар сарын 5-нд сорил болсон бол ганц бэлтгэлгүй нь "Алдар"-ынхан байсан. Манайхныг бэлтгэлд хамруулахгүй байж байгаад бэлтгэлгүй дээр нь дарах бодлого байсан гэж боддог. Ер нь ямар ч бэлтгэлгүй тамирчид шууд өндөр зэрэглэлийн барилдаан хийх боломжгүй. Зүрхний хэм алдах, импакт болох магадлал маш өндөр. Би журмынх нь дагуу л шаардлага тавьсан юм, уг нь.      

-Ер нь чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, шигшээгийн дасгалжуулагч та нарын зөрчилдөөн юунаас эхэлсэн юм бэ?                                       
 
-Миний сонссоноор 60 жилийн түүхтэй холбоо маань 60 жил хэрүүлтэй л яваа юм билээ. Нэг талыг хэт барьдаг, ялгаварлан гадуурхалт ихтэй, бүх тамирчнаа сайн барилдуулах биш хэн нэгнийг нь дэмжиж, дээш гаргадаг, ер нь нэг нэгнээ дарж хэмэлсэн үйлдлээсээ болоод хэрүүл нь тасрахгүй байгаа гэж боддог.                                                           
 Ахмад дасгалжуулагч Дамдиншарав гуайг шигшээ багийн багш байхад тэр үеийн шигшээ багийн тамирчин оронд нь өөр бөх явуулна гэхэд нь буу ч билүү хутга ч билүү барьж ирээд дайрахад нь зугтаж амжсан байсан тухай ах нараас сонсож байлаа. Бас л нэгийг нь гомдоогоод, нөгөөг нь тавьсан үйлдэл. Энэ мэт төдийгөөс өдий хүртэл шигшээгийн багш нараар дэмжүүлсэн хэд нь баярладаг л байх. Гэхдээ би дарагдаж үлдсэн нь илүү олон гэж баттай хэлнэ. Холбоог удирдаж байгаа улс гар хөлөө болгох багш нарыг шигшээд сонгоно. Тэдгээр багшийн шавь нар, тамирчид шигшээд орно. Ийм л графиктай.                                          
-Өмнө нь ч гэсэн танаар оролдож байсан гэлүү?                  
 -Би 2015 онд улсын аварга болоод бас л иймэрхүү байдалтай тулгарсан. "Батцэцэг байгаа. Удирдлагууд ингэж шийдсэн, чи үлд" гээд бэлтгэлээс хүртэл хасахад нь дуугүй дээрэлхүүлээд л үлдэж байлаа. Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Батцэцэгийг хожчихоор "Чи сайн хүн хожлоо" гэнэ. Тэгээд тэмцээнд явуулахгүй. Зөрж өөр жинд ороод түрүүлчихээр "Чи өрсөлдөөн багатай жинд түрүүллээ" гэнэ. Ийм байр сууриас ханддаг даа, надад.                          
-Яагаад таныг онцлоод байгаа юм бол?                                   
 
-Үнэнийг хэлээд байгаа юм болов уу. Гэхдээ ганцхан намайг онцлоогүй л дээ. "Алдар"-ынхан, Хосбаяр, Цогтбаяр хоёрын тамирчид их бага хэмжээгээр амссан. Ер нь бидний толгойг илж дэмжээд кранаар дээш нь татсан хэн ч байхгүй. Харин чадлаараа өдий зэрэгт, амжилтанд хүрсэн. Би шигшээ багийн багш нарт "Би алт авсан" гээд яриад зогсож байхад улсын аваргаас хүрэл ч аваагүй хүнийг тэмцээнд явуулж байгаа юм. Энэ нь хэн нь хэн бэ гэдгийг баталж байна.            
 -Азийн аваргад танай жинд л хэн барилдах нь тодорхойгүй байгаа билүү?                                       
 -Тийм. Бусад жинг харвал би тивийн аваргад явахаар байгаа юм. Бусад жингийн хувьд ноднингийн улсын аваргын алтан медаль одоо болтол хүчинтэй. Харин минийх хүчингүй. Багш нарын өөр үзэл бодлыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.   
 
-72 кг-д хэдэн бөхийн хооронд сорил барилдаан хийх гээд байгаа юм бол?                -

-Ердөө хоёр бөхийн хооронд л. Өрсөлдөгч маань манай багийнх, 68 кг-д улсын аваргад хүрэл медалиас мултарсан ч 72 кг-д олон улсын тэмцээнээс медаль хүртсэн. Бусад жингийнхнийг сорилгүй шууд явуулж байгаа хэрнээ намайг л хүнтэй сориод байгаа. Амжилтыг нь харахад бусад жинд сонгогдсон тамирчдыг манай "Алдар"-ын охидтой сорьж болмоор.  Ер нь 72 кг-д "Алдар"-ын хоёрыг сорих гэж байгаа нь манай багийг дотроос нь хагалах гэсэн оролдлого байж магадгүй. Миний жинд сорил хийвэл бүх жинд хийх эсвэл би ч гэсэн тэмцээнд шууд орно гэсэн байр суурьтай байгаа.                                

-Тухайн жилийн улсын аварга болсон нь олон улсын тэмцээнүүдэд зодоглох ёстой биз дээ?                                    

-Тийм, улсын шигшээ багт авдаг. Гэтэл намайг түрүүлэхэд аваагүй. Түүгээр ч барахгүй шигшээгийн ахлах дасгалжуулагч "Чи үлд" гэж дарамтлаад өөр хүүхэд явуулсан. Бэлтгэлд ч төвлөрүүлэхгүй, "Чи үлдчих" гэж нэг гуйгаад, "Чи үлд" гэж дарамтлаад янз янзаар үзээд байгаа хүмүүс дээ.                

-Өнөө жил улсын аварга болоогүй. Харин та ноднингийн улсын аваргад түрүүлсэн болохоор олон улсын тэмцээнд оролцмоор юм...                                                     
 
-Манай жингээс бусад нь ноднингийн түрүүгээрээ тэмцээнд оролцож байгаа. Сая бэлтгэлд гарахдаа өнгөрсөн жилийн алтан медалиа авчирсан. Болохгүй бол багш нарт үзүүлье гэж бодсон юм. Бүгд адилхан байх ёстой биз дээ?                           

-Ер нь ноднин ямар амжилт гаргав?                                                       

-Улсын аваргадаа түрүүлээд, Азийн аваргад хүрлээс мултарсан. Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Aзи тивийн хошой аварга Энхжаргал гавьяатын зодог тайлах тэмцээний арын албанд зүтгэж, тэмцээн зохиох зардал мөнгө хайж, эгчдээ туслаад оролцоогүй. Хосбаяр багш маань нуруугаа гэмтээж эмнэлэгт хэвтээд, охидын багаа барилддаг өдөр намайг багшаар буланд суухад тэр тэмцээнд манай баг хол илүү тасархай түрүүлсэн шүү.                                      
-Та шигшээ багийн тамирчин биш юм уу?                                               
  -Биш шүү дээ. 2015 оны  улсын аваргад олимпын жин болох 63 кг-д түрүүлэхэд шигшээд аваагүй. Бүр Азийн аваргад намайг явуулахгүй байх байсан. Тэгээд тухайн үеийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Батбаярт хэлж, гуйж байж тивийн аваргад оролцсон. Азийн аваргаас манай "Алдар"-ын Одончимэг эгч, бид хоёр л мөнгө, хүрэл медаль авсан юм.             Дараа нь 2020 онд 72 кг-д улсын аварга болоход олимпын бус жин гээд аваагүй. Шигшээд сэлгээ бараг ордоггүй. Одоо шигшээгийн ихэнх тамирчин нь гадуур цалин ч үгүй чадлаараа яваа бөхчүүдэд хожигдоод, улсын аваргаас хүрэл ч авч чаддаггүй юм шүү дээ. Ганц нэг алдаа гаралгүй л яах вэ, байнга түрүүлэхгүй атлаа шигшээд байгаад байдаг тамирчид бас мэр сэр бий.                                       

-Яагаад шигшээд дууддаггүй юм бол?                                                        

 -Шигшээ багийн Баярсайхан дасгалжуулагч 2021 оны гуравдугаар сарын 8-нд надад "Алдар"-ын п...-нуудыг шигшээд олноор нь байлгаж болохгүй" гэж хэлсэн. Намайг шигшээд дууддаггүйн шалтгааныг тэр хүн сайн мэдэх байх. Бас хариулах болов уу.                                           
 -Таныг үнэхээр хүчтэй баг хяхаж хавчдаг бололтой...  
-(инээснээ) Наддаа л хөөрхөн томдочхоод байгаа юм. Гэхдээ үнэн зөв, шударга  явдал хэзээд хэлэх үг, харах нүүртэй шүү дээ.                                
 -Таны талд ордог багш дасгалжуулагч нар яагаад дуугүй байдаг юм бол?                      
-Багш нар уу? Нэг ч удаа дуугүй суугаагүй л дээ, миний хоёр багш. Гэсэн ч дээр нь байгууллага бий. Байгууллагад холбоо, байгууллага багшид нөлөөлнө. Багш нар тамирчдыг нь дарж хавчихаар тэднийхээ эрх ашгийн төлөө тэмцэж дуугарснаас эхнэр хүүхдийнхээ төлөө ярьж тэмцээгүй шүү дээ. Энэ спортынхоо төлөө, ирээдүйнх нь төлөө зүтгэж яваа багш нараа үнэлдэг. Манай багш нар шударга, тууштай, чадвартай, дайчин хүмүүс дээ.                                              
-Таныг "Алдар"-аас хөөх гэж хүртэл үзсэн гэлүү?                               
-Тийм ээ. Би хөөгдөхөөр асуудал үүсгээгүй учраас чадаагүй. Бас л чөлөөт бөхийн холбооноос нөлөөлсөн. Түүгээр ч барахгүй Цогтбаяр багшийн өмнөөс тэтгэвэрт гарах өргөдөл бичиж яаманд өгсөн байгаа юм. Намайг халах санал оруулсан байсан. Уг нь 17 жил овоглуулсан спорт хороо маань тамирчин, багш нарынхаа төлөө явах болов уу гэж харсан л даа. Ер нь манай холбооны гар, хөл их урт.                                                         

-"Алдар"-ын дарга Өсөхбаяр аварга хүртэл дасгалжуулагч, тамирчдаа дарамталдаг гэж сонссон юм байна...                         

 -Жишээ нь намайг халах гээд халж чадаагүй. Нэг өдөр намайг өрөөндөө дуудаад хүсэлтээрээ өөр анги, байгууллага руу шилжих өргөдөл бичүүлсэн. Тамирчид, багш нар эрх ашгийнхаа төлөө тэмцэж хэлэхээр байгууллагын хурлаар авч хэлэлцэн багш нарт нөлөөлдөг болов уу гэж би боддог.                                            

-Чөлөөт бөхийн холбооныхон яагаад "Алдар"-ынхныг үзэж чаддаггүй юм бэ? Ер нь шигшээ багт "Алдар"-ын хэдэн бөх байдаг вэ?                       
 
-Магадгүй сайн ажиллаад, хэн нэгэнд долигнохгүй яваад байхаар тэгдэг юм болов уу. Би сайн мэдэхгүй байна аа. ""Алдар"-ын п...-нуудыг шигшээд олноор нь байлгаж болохгүй" гэж чарлаж байгаа дасгалжуулагч, холбооны удирдлагууд л үнэнийг хэлж хариулах байх. Шигшээд "Алдар"-аас гавьяат тамирчин Мандахнаран, Цэрэнчимэд, ОУХМ Үйтүмэн гурав байдаг. 2020 оны улсын аваргаас Мандахнаран, Цэрэнчимэд, Үйтүмэн, бид дөрөв алтан медаль авсан ч намайг олимпын бус жинд түрүүлсэн гээд аваагүй.                                     

-Шигшээгийн дасгалжуулагч нар харьцааны соёл, ёс суртахуун үнэхээр муутай бололтой. Тамирчдаа элдвээр хэлнэ. Түүгээр ч барахгүй нэлээн хэдэн жилийн өмнө эмэгтэй багийн зарим ласгалжуулагч бөхчүүддээ бэлгийн дарамт үзүүлдэг тухай чамгүй шуугьсан санагдана...                            
 
  -Соёл нь бүр дүүрч гэхэд ёс суртахуун үнэхээр байхгүй. Би хууль эрх зүйгээр суралцдаг оюутан хүн. Шигшээ багийн дасгалжуулагч хэн нэгэн тамирчинг п...-гаар нь дуудаж, салаавч өгөх бол манай чөлөөтөд хэвийн үзэгдэл шүү дээ. Тэр битгий хэл нас биед хүрсэн охидыг зодно. Зарим нэг багш тамирчин охидтой өөр асуудлаар холбоотой гэсэн яриа баг дотор зүгээр л хөвөрч байдаг. Улсын шигшээ баг дотор ийм ёс зүйгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл болсон шүү дээ.                  

 -Баттулгыг ахлах дасгалжуулагч байхад чөлөөт бөх уналтад орсон гэдэгтэй та санал нийлэх үү?      

-Би л лав нийлнэ. Ганц Баттулга дасгалжуулагч ч биш хэт нэг талыг барьж эрх мэдлээрээ түрий барьж байгаа өнөөгийн холбооны удирдлагууд ч Монголын чөлөөтийн уналтанд алсаас маш их нөлөөлж байгаа гэж боддог.                                                       

-Нууц биш бол танд хэн гэдэг дасгалжуулагч гар хүрэв?               

 -Цагдаад гомдол гаргаж, шалгуулж буй болохоор хуулийн хүрээнд одоогоор нэрийг нь хэлж болохгүй байх.                                                          

-Чөлөөтийн дасгалжуулагч нар гэж ухамсар дорой, харьцааны соёл, боловсрол муутай хүмүүс байдаг гэдэг ойлголт нэгэнт хүмүүст хүрчихлээ...                                                        
 -Юу үнэн тэр үнэн. Ямар ухамсартай хүн тамирчдаа харааж, хэл амаар доромжлон зодож, цагдаа шүүхдээ тулах вэ дээ. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс харах байх. Гэхдээ миний хөндсөн энэ асуудлыг үгүйсгэх тамирчин цөөхөн болов уу. Тамирчид дарамт шахалтаас эмээж, тэр болгон үнэнийг хэлж чаддаггүй биз ээ.                                                                 

-МЧБХ-ны ерөнхийлөгч гэж ер нь байна уу?                                           
 
-Хуучин Сумъяабазар гэдэг хүн байсан. Одоо Гансүх гэж хүн ирсэн байна билээ.                       
-Ажлаа өгсөн ч Дагвадорж аварга цаанаас нь удирдаад байна уу?                                                       
-Тэрийг сайн мэдэхгүй ээ. Дагвадорж, Сумъяабазар хоёр солигдож, шинэ хүн холбооны ерөнхийлөгч болсон ч хуучцуул нь ерөнхийдөө ажлаа хийж, холбоог удирдсаар л байгаа шүү дээ. Уг үндсээр нь өөрчилж солиод үзвэл энэ талцал арилах байх гэж найдах юм. 

 -Энэ бүхний эцэст танд дарамт шахалт илүү их ирэх байх даа...                                         
  -Дарамт шахалт аль дээр л эхэлсэн шүү дээ. "Энэ их өрвөлздөг юм байгаа юм. Өөрийг нь, тамирчдыг нь амжилтгүй үлдээнэ ээ" гэсэн өшөө хорслынх нь золиос тамирчид л болдог. Зарим багш дасгалжуулагч эрх мэдлээрээ далайлгаж дарж үлдээнэ. Энэ үйлдлээ одоо чөлөөтийнхөн болих ёстой. Мэдээж надад ч, багшид маань ч дарамт шахалт ирэх л биз. Гэхдээ энэ байдал үеийн үед үргэлжлээд байж болохгүй учраас тантай илэн далангүй ярилцаж байгаа юм. Олон тамирчин эрх мэдэлтнүүдийн шийдвэрт эгдүүцэж хохирч явсан. Би ганцаархнаа эсэргүүцээд байгаа юм биш шүү. Бусад тамирчин маань хэлж ярихгүй л байгаа болохоос. Холбооны удирдлагууд, зарим багш дасгалжуулагчийн буруу шийдвэрийн золиос болж, гомдолтой яваа тамирчин олон шүү.                                              

-Та хуулийн байгууллагад хандсан гэсэн байх аа...                   

 -Сая гуравдугаар сарын 8-нд болсон асуудлаар цагдаад гомдол гаргасан. Шигшээ багийн багшид хүсэлтээ хэлээд, өрөөнд нь ороход эхэндээ п...-гаар дуудаж, хэл амаар доромжилсноо сүүлдээ "Хоёулаа юу ч болоогүй шүү" гээд хацарнаас бариад үнсэх гэхээр нь "Үнсүүлэхгүй" гэсэн юм. Тэгтэл өрөөнөөсөө чирч гаргахдаа миний гарыг хаалгатай нидэрч хөхрүүлсэн. Нэг доромжлоод, нэг загнаад, нэг зодоод, нэг үнсэх гээд байж болохгүй биз дээ?         Намайг чирч гаргахаасаа өмнөх долоо хоногт багийнхаа хоёр тамирчин охиныг тамирчдын нүдэн дээр балбаад зодсон. Ер нь тэгж зоддог багш л даа.                   
 "Тамирчдын аав, ээж "Миний хүү эсвэл охин барилдаж яваа" гээд ард нь дэмжээд явж байхад багш нэртэнгүүд нь п..., гичий гээд салаавч өгч, зоддогоо хэзээ болих бол?, Спортоор хичээллэж барилдсанаас өөр ямар гэм хийсэн юм бол?" гэж би боддог.                         
-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Чөлөөт бөхийн чухам юу нь таныг татсан юм бэ?                                    
-Сайхан асуулт байна. Манай том нагацын хүргэн нь улсын начин Ду.Батбаяр л даа. Ээж маань өөд болдог жилээ Баяраа ахад "Энэ Цэвэгмидийг бөх болгоё. Арай бадируун гүжирмэг юм" гэж хэлсэн. Ах ч намайг жүдо бөхийн Цэвэлмаа багшид өгөх гэж Спортын төв ордонд очсон ч би босгыг нь даваагүй. Хөл урагшаа гишгээгүй юм. Ээж намайг бөх болгоно гэснээс хойш зурагтаар "Тамирчны алдар" дууг байнга үздэг болчихлоо. Тэгсэн хамгийн сүүлд нь цэнхэр хувцастай нэг хүн тойрч гүйгээд дэвжээ үнсэж байгаа нь сэтгэлд их хүрсэн. Тэр хүн бол дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Пүрэвбаатар гавьяат байсан юм билээ. Клипэнд орсон Ооско ахын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэр агшны хэсэгт үнэхээр татагдсан шүү. Чадалтай хүн л ингэдэг юм шиг санагдаад, "Энэ бөхөд оръё" гэж ахаасаа гуйж байж чөлөөт бөхөд орсон. Одоо бодоход чөлөөт бөх нээрээ л чадалтай хүний хичээллэдэг спорт доо.                    

 -Хичээллээд хэдэн жил болж байна вэ? Анх хэдэн кг-д ямар тэмцээнд оролцов?              
  -17 жил хичээллэж байна. Анх Улаанбаатар хотын аваргаас 48 кг-д мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгэхэд ээж маань амьд, "Миний охин бөх охин боллоо. Бөх хүн их чадалтай, бүр их ухаантай, их шударга байж, бөх гэдэг нэрэндээ багтах ёстой шүү" гэж хэлж байсан юм.                                              
-Та 65 кг-д барилддаг байсан. Яагаад жин өгсөв?                                        

-Сүүлийн жилүүдэд 63, 65, 68 кг-д тэмцээнүүдэд оролцсон. Ойрхон жингүүдийн хэнтэй нь ч барилдчих учир жингийн байдлаасаа болсон. Би уг нь 2020 оны улсын аваргад 68 кг-д барилдах бодолтой байсан ч больсон л доо. Энэ жинд олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Батцэцэг түрүүлсэн юм. Хамгийн сүүлд таарахад би хожсон. 2015 онд улсын аваргад түрүүлэхэд маань холбооны удирдлагууд Батцэцэгийг тэмцээнд явуулсан учраас түүнийг би ялсан ч намайг тэмцээнд оруулахгүй гэж дүгнээд, дараа нь хэл ам нь бага гэдэг үүднээс олимпын бус 72 кг-ыг сонгосон. Хэл ам, гадуурхалтаас нь зугтсан ч өнөөдөр дахиад л над дээр сорил, хэрүүлийн асуудал байсаар л байна. Ер нь чөлөөт бөхийн улсын аваргад 18-тай охин түрүүлэхээр залуу гээд, 32-той хүн түрүүлэхээр хөгшин гэж дарамтлаад, холбооныхны юм уу шигшээгийн багш нарын тамирчид шууд хэл амгүй гадагшаа тэмцээнд явдаг асуудлаас болоод жингээ өөрчлөх бодол төрсөн.                                   

-Танай жингийн дотоодын өрсөлдөөн хэр вэ?                                          

-48-76 кг хүртэлх бүх жинд барилдсан хүний хувьд барилдаад сурчихвал жин гэж байдаггүй юм шиг санагддаг. Бэлтгэлжилт, бэлтгэлийн сайн, муу гэж л байдаг байх. Манай чөлөөтийн охид цөмөөрөө хичээнгүй сайн барилддаг. Миний бодлоор багш нарын бэлтгэлийн төлөвлөгөө, ур чадвар, харьцаа, шударга өрсөлдөөнөөр тамирчдыг өндөр зэрэгт бэлдэх тал дээр учир дутагдалтай.                          

 -Ази тивийн аваргын хошой хүрэл медалийнхаа өнгийг өөрчлөх боломж байсан уу?         
-2018 оны Азийн аваргад түрүүлэх боломж байсан ч хүрлээс мултарсан. Мөн байнгын асуудалтай, тэмцээнд төвлөрч биеэ бэлдэж чадахгүй байгаа юм.  

 -Таны жингийн гол өрсөлдөгч хаанахын хэн хэн бэ?                                                   

    -Азидаа 72 кг-д хятад охид сайн. Дэлхийд мөн Хятад, Канад, Европын орны бөхчүүд дээгүүр барилдаж байна. Сүүлийн үед киргиз, узбек охид хүч түрэн гарч ирж байгаа. Улс орны тамирчид цойлж гарч ирэхэд ард нь зөв системтэй бэлтгэл, шударга өрсөлдөөн, хамгийн гол нь багийн уур амьсгал байдаг. Гэтэл манайд нэг талыг хэт барин ялгаварлах гадуурхалт, буруу шийдвэрүүд л бий.                          
 
-Таны дархан мэх гэвэл...                

 -Дархан мэх маань одоо гарт эргэх болчхоод байгаа. Хөнгөн жинд хөл их авч барилддаг байлаа. Сүүлийн үед мордож шидэх, гарт эргэх мэхийг дандаа хийж байна. Гарт эргэх нь эрсдэл багатай, лав орвол цэвэр дарах, хэвтээд шилжих гээд олон талын ашигтай, бөөн онооны мэх. Хосоо багшийн маань үндсэн мэх л дээ. Би яг Хосоо багшийнхаа техникээр эргэдэг.                           

-Дэлхийн аваргад оролцож байсан уу?                                            

  -2008 онд Японд болсон дэлхийн аваргад оролцсон. Бас 2011 оны дэлхийн аваргад оролцохоор байсан ч тэр үеийн багш нар мөн л будилуулж, Б.Батцэцэг, гавьяат тамирчин Нармандах эгч, бид гурвын хооронд сорил хийсэн. Б.Батцэцэг Нармандах эгчийг цэвэр дарж, би Б.Батцэцэгийг хожоод, Нармандах эгч намайг барьц сонгоогоор ялж, гурван биеэ тойроход би гарсан ч тэр үеийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэдэнсодном багш Нармандах эгчийг явуулсан. Тэр үед Нармандах гавьяаттай нэг нутаг болох УИХ-ын гишүүн Болд багш нарт нөлөөлсөн юм билээ. 2015 онд улсын аварга болсон охид дэлхийн аваргад оролцоход би ганцаараа үлдсэн. Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын шийдвэрээр С.Батцэцэг оролцож, дэлхийн аварга болж байлаа.                        

-Олимпын эрх авахын тулд таныг ямар ямар тэмцээн хүлээж байна вэ?                                
 -Одоо миний хэл ам хийж оролцох гээд байгаа 72 кг нь олимпын бус жин л дээ. Ганцхан тивийн аварга бий. Харин олимпын өмнө сорил болон сонгон шалгаруулах тэмцээн болбол би 68 кг-д оролцоно. Энэ жинд С.Батцэцэг гавьяатын авсан олимпын эрх бол Монгол улсынх, хэн ч орж болно. С.Батцэцэг аваргыг сүүлийн 2-3 жилд дотоодод ч, гадаадад ч хоёрхон хүн хожсоны нэг нь би. Тэгэхээр сорилоор олимпод хэн оролцохыг таашгүй. 68 кг-д дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэлтэй, гавьяат тамирчин Насанбурмаагаас гадна Дэлгэрмаа, Пүрэвсүрэн гээд өсөж яваа залуу тамирчид бий. С.Батцэцэгийг ялсан нөгөө тамирчин болох Шведийн бөхөөс сэргээш илрээд эрхээ хасуулсан.                               
 
-Илэн далангүй сонирхолтой ярилцсан танд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд та юу гэж хэлэх вэ?                               
 
-Спорт бол танил тал, хээл хахууль, улс төрөөс хол байж, шударга өрсөлдөөнөөр шигшигдэх ёстой гэж би боддог. Өнөөдөр надтай сорилдох гэж байгаа тамирчинг цалинжуулдаг компаниас залгаад "Азийн аваргаас нэрээ татаач. Гурван сая төгрөг өгье" гэсэн санал тавьж байна. Хүнд мөнгө өгөөд тэмцээнд оролцъё гэсэн бодолтой яваа хүүхдийн сэтгэхүйд өнөөдрийн Монголын чөлөөт бөхийн холбооныхон л асар хүчтэйгээр нөлөөлж байх шиг байна. Холбооны удирдлагууд дэлхийн аваргад шүүгчдэд 10 мянган доллар өгдөг гэсэн бичлэг бий. Тэрнээс нь шипи авсан хүн өнөөдөр Азийн аваргаас нэрээ татвал мөнгө өгье гээд явж байна. Бөхийн хөгжил, амжилт хаашаа явж байна вэ?! Өнөөдрийг хүртэл "Мөнгө өгье, үлдээч" гэсэн тамирчин өнөөдрийг хүртэл гарч ирээгүй байсан байх шүү гэж хэлье дээ.    
  

No description available.
   No description available.
      No description available.                

No description available.
 Ярилцсан Ш.Эрдэнэтөр





СЭТГЭГДЭЛ БИЧИХ