Вакцин хэмээх аянаас гээгдэж магадгүй нь “хөөрхий” оюутнуудуу?

            “ДЭМБ-аас  яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн, мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн “АстраЗенека-Оксфорд” вакцины эхний 150 мянган тунг Монгол Улсын Засгийн газар хүлээн авлаа. Бусад төрлийн вакциныг татан авсны дараа зорилтот бүлэг, тухайлбал өндөр настан, суурь өвчтэй, өвчлөх эрсдэл өндөр хүмүүсийг дархлаажуулах болно.”

2021-02-23 ны өдөр Монгол Улсын Засгийн газраас дээрх мэдэгдэлийг гаргаж байсан. Манайд нийт гурван төрлийн 460 мянган тун вакцин орж ирсэн бөгөөд вакцинжуулах ажил хэдийнээ эхэлсэн. Нийт хүн амынхаа 60 хувийг ямартай ч дархлаажуулна гэлээ. Гэвч “пирамидны дээд үзүүрээс”  вакцинжуулалт эхлэв.  Үүнд нь урлаг соёлын одууд, спортын томчууд, улс төрчид тэдгээрийн ар гэр. \ Эмнэлгийн ажилтан, төрийн алба хаагчид зүй ёсоор орно. Эдгээрийг пирамидын дээд үзүүр гэх гэсэнгүй.  \ Тэд ард иргэдээ уриалж олон нийтэд вакцин хатгуулж буй зураг дүрсээ сошиалдаж эхлээд удаж байгаа.

Харин пирамидын доод тал болох олны хэсэгрүү вакцин хэзээ бүрэн дүүрэн хүрэх вэ?  Нийгмийн харилцаанд хамгийн их ордог, эрсдэл ихтэй бүлэг болох оюутан залуучуудаа одоохондоо тоож ярьж эхлээгүй л байна. Ахмадуудаа бодвол залууст хөнгөн тусч байгаа хэдий ч, хөл хөдөлгөөн ихтэй тэд тээгч болчих гээд байдаг эрсдэлтэй талаар мэргэжлийн хүмүүс анхааруулж байсан. 

 Шар бүсээс улбар шар бүсэд орсон, тохиолдол халдварын тоо 100-гаас аль хэдийнэ давсан энэ үед пирамидын дээд үзүүрээс шалавхан вакцинаа шахуулж, яаран зургаа постолсон иргэдийн пост сошиалд хөвөрсөөр л.

         Нийслэл хотынхоо хүн амын зураглалыг харвал, хаашаа ч харсан оюутнууд. Автобусанд оюутан, цагийн ажил хийж байгаа нь оюутан, “Bar”-ны гадаа ч, баярын ширээн  дээр ч оюутнууд.   Эдийн засгийн хувьд ч тэр, эрдэм номын хувьд ч тэр хоёр жилийн хугацаанд хамгийн их хохирч байгаа нь хөөрхий оюутнууд гэдэг нь илт. Хорьж болохгүй хорин насан дээрээ хорио цээрийн дэглэмийн “чанга гар” үзсэн тэд бас ч гэж огт дуугүй байгаагүй. Гэвч цэрэг, оюутан хоёрын үгийг ойшоож сонсох нь юу л бол. Уг нь эрхээ хамгаалуулах Монголын Оюутны Холбоо гэх газар бий. Удирдлагууд нь улс төржих ажлаа их сайн зохион байгуулдаг ч, яг оюутан залуусынхаа эрх ашгийн төлөө дуугарахдаа харам.

      Түм бужигнасан, сошиал идэвхжсэн энэ үед оюутан залуусынхаа эрүүл мэнд эрсдэлийг харсан атлаа яагаад нэг ч үг дуугарахгүй байна вэ?  Үнэндээ увж цувуулж хүн амынхаа 60 хувийг вакцинжуулчихаад, 150,000 шахам оюутнаа  40 хувьдаа үлдээчих дүр зураг л харагдаад байх шиг.  Цар тахалын аюулаас гэтэлж мэдэх аврал болсон вакцинууд хийгдэж эхэлсэн ч, хөөрхий оюутан залууст олдох эсэх нь одоогоор бүрхэг л байна.  Цаашдаа хөл хориог багасгаж, эмнэлгийн ачаалал дийлэхгүй нь гэдгээ ил зарлаж байгаа энэ үед хаа сайгүй хөлхөлдөж байдаг хамгийн идэвхтэй “атом молекулууд”  болох оюутнуудаа бас л анхаарах учиртайсан.

А.Сайханбаяр

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ