Өнгөрсөн долоо хоногоос олж харсан сайхан үйл явдлууд

Халдварын тохиолдол ихэсч, үр дүн муутайхан хөл хориог эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаантай 7 хоног гэлээ ч олж харвал сайхан гэмээр үйл явлууд бас болж өнгөрсөнийг үгүйсгэх аргагүй.
2021 оны 3-р сарын 15. Долоо хоногийн эхэнд хугацаат цэргийн алба хаагчидын цог золбоог харуулсан нэгэн тэмцээний тухай мэдээгээр эхэлсэн юм. Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 167, Хилийн цэргийн 0131, 0166 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд буудлага, гранат шидэлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлж, сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд анги тус бүрээс 10 байлдагч оролцож, цэц мэргэн, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Гранат шидэлтийн төрөлд тэргүүн байрт байлдагч Г.Сумъяадорж (167), дэд байрт түрүүч Ш.Шинэхүү (0166), гутгаар байрт түрүүч М.Алтангэрэл (0166), тусгай байрт байлдагч Б.Багахүү (0166), байлдагч Ш.Батцэрэг (0131) нар шалгарав.
Буудлагын төрөлд тэргүүн байрт байлдагч М.Эрдэнэдалай (0131), дэд байрт байлдагч Г.Баяржавхлан (167), гутгаар байрт байлдагч И.Сүхбат (167), тусгай байрт дэд түрүүч С.Ууганбаяр (0166), байлдагч Б.Пэрэнлэйдорж (167) нар шалгарч, “Онц буудагч” тэмдгийн эзнээр тодорсон юм.
2021-3-16
Коронавирусний халдвар авч Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Энэ нь Ковид 19-ийн халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан эмчилсэн анхны тохиолдол боллоо.
Шадар сайдын зүгээс орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, коронавирусын халдвар тээгчийг аймаг суманд тусгаарлан эмчлэх, ЭМЯ-аас мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ийнхүү анх удаа сумын эмнэлэгт ковидыг халдварыг эмчилж чадлаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлсэн билээ. Эрүүл мэндийн салбарынхан маань ийм цаг үед бүх чадвараа дайчлан байгаа нь сайхан мэдээ биш гэж үү? Энэ нь цар тахалыг хамтын хүчээр давах урам хайрласан үйл явдал болсон юм.
2021-3-17 Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгонд аян зохион байгууллаа. Нэгтгэлийн офицеруудын зөвлөлөөс санаачлан өрнүүлсэн дээрх аяны хүрээнд тус нэгтгэлийн дэд ахлагч Б.Адилбиш, дэд ахлагч Х.Анхбаяр нарт таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Түүнчлэн тус нэгтгэлд хугацаат цэргийн алба хааж байгаа Төв аймгийн харьяат байлдагч У.Анхбаяр, Э.Жадамба нарын ар гэрт болон Төв аймгийн Зуунмод сумын иргэн З.Уртнасан, Н.Наранцацрал нарт эд материал, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ.
Энэхүү аяны сэтгэлийн өглөг эзэндээ очих арга хэмжээнд тус нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр нарын албаныхан оролцов.
2021-3-18.
Энэ өдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад Шадар сайдын нэрэмжит шагнал болон цол гардууллаа.
Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дүгээр тушаалаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан алба хаагчдийг шагнаж урамшуулсан юм.
2021-3-19
Гүү унагласан өглөө. “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын буурал дэнж дээр гүү унаглалаа. Өглөө ийм сайхан мэдээгээр эхэлж буйд иргэд “сайхан цаг удахгүй ирэх нь ээ” хэмээн бэлгэшээж байна. Сэрүүхэн цэнгэг агаартай ийм нэгэн өглөө, сайхан үйл явдлаар эхэлсэнд аргагүй л сайхан цаг ойртож байна даа хэмээн билэгдмээр. Монгол цэргийн яруу алдарт 100 жилийн баяр тохиосон энэ долоо хоногийн сүүлийн өдөр хөл дээрээ тэнцэж ядах хийморлиг монгол хүлгийн зураг эерэг бүхний эхлэл байлаа.
А.Сайханбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ