Азийн физикийн олимпиадын хүрэл медальтныг 3 саяар урамшуулав

Монгол Улсад зохион байгуулагдсан 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн, мөн тус сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар, олимпиадын хорооны багш нарын төлөөллийг өнөөдөр /2023.05.29/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч баяр хүргэжээ.

Энэ үеэр Азийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг гурван сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардуулсан байна.

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй дөрвөн багш дасгалжуулсан аж.

Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцжээ.

Сануулахад, Азийн физикийн олимпийн шагналт байрны эзэд өнгөрсөн амралтын өдөр тодорч, нэгдсэн дүн гарсан юм. Үүнд,

  • Тусгай байрын болзол хангасан 34 сурагч,
  • Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч
  • Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч
  • Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардсан.

Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг аж. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг.

  • Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао
  • Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов
  • Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм.

Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33,5 оноог мөн Хятадын сурагч авсан. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн билээ. Монгол Улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ