Унгарын Мастераас Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

  • Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Унгарын Мастерс үргэлжилж байна.
  • Тэмцээний эхний өдөр Монголын хоёр тамирчин медаль хүртлээ.
  • Э.Ариунболд мөнгө, Б.Баасанхүү хүрэл медаль хүртэв.

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дараа орохуйц чансаатай "Унгарын Мастерс 2023" Будапешт хотод эхэллээ.

Тэмцээний эхний өдөр монголын шигшээ багийн 7 тамирчин зодоглосноос хоёр нь медалийн тавцанд зогсов. Тодруулбал эрэгтэйчүүдийн -60 кг жинд Энхтайваны Ариунболд мөнгөн медаль хүртсэн. Тэрээр Казахстаны Магжан Шамшадин, Бельгийн Жорре Верстраттен, Азербайжаны Балабай Агаев, Туркийн Салих Илдиз нарыг ялж финалд шалгарсан бөгөөд Японы аварга Рюүжү Нагаямад ялагдсан юм.

Тус жинд барилдсан Бямбажавын Цогт-Очир хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Наохиса Такатод ялагдаж тавдугаар байр эзэлсэн. Тэрээр Өмнөд Солонгосын Ли Харимыг ялж энэ хүрээд байв.

Харин эмэгтэйчүүдийн -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү Испанийн Лаура Мартинезыг ялж хүрэл медаль хүртсэн. Б.Баасанхүү хагас шигшээд Японы Вакана Когад ялагдаж хүрлийн төлөө барилдахаар болсон бол Испанийн тамирчин Монголын Г.Наранцэцэгийг ялж хүрлийн төлөө гарч ирсэн юм.

Б.Баасанхүү Испанийн Жулиа Фигуэроа, Германы Катарина Менц, Италийн Ассунта Скутто зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг ялж хагас шигшээд үлдсэн билээ.

Мөн эрэгтэйчүүдийн -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын Ан Баулд ялагдаж тавдугаар байр эзэлсэн. Тэрээр Италийн Элиос Манци, Узбекистаны Сардор Нуриллаев нарыг ялсан юм.

Дэлхийн 59 орны 419 жүдоч оролцож буй тэмцээнд Монголын шигшээ багийн 14 тамирчин бүртгүүлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр нар барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин