​​​​​​​ Зуун буудалт даамын залуучуудын дэлхийн аварга Б.Мөнхжин: Өрсөлдөгч маань бүхэл бүтэн хоёр цаг уйлсан шүү

Польшийн Полице хотод болсон зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай зургаан даамчин түрүүлсэн билээ. Тэднээс хөвгүүдийн 5-8 насны ангилалд Н.Хангай, эмэгтэйчүүдийн 17-19 насны ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нэг өргийн өмнө аваргалах болзлоо хангасан юм. Монголын даамчдаас анх залуучуудын дэлхийн аварга болсон Б.Мөнхжин эл амжилтаараа Олон улсын мастер болсон аж. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулъя.

-Зуун буудалт даамын залуучуудын дэлхийн аварга болсонд баяр хүргэе...

-Баярлалаа.

-Энэ тэмцээнд нэг өргийн өмнө түрүүлэх болзлоо хангасан гэлүү? Танай ангилалд хэдэн даамчин оролцов?

-Тийм ээ, залуучуудын дэлхийн аварга болох болзлыг нэг өргийн өмнө хангасан. Манай ангилалд долоон орны 18 даамчин оюун ухаанаа сорилоо.

-Өрсөлдөөн хэр байв? Та хэдэн өрөг наадсан бэ?

-Яг л миний бодож байсан шиг өрсөлдөөн чанга байсаан. Би есөн өрөг тоглохдоо зургаа хожиж, гурав тэнцээд, 15 оноогоор дэлхийн аварга боллоо.

-Хамгийн хүнд өрөг гэвэл...

-Эхний өрөгт таарсан Эстонийн Эмилиа Келлотой тоглоход хүнд санагдсан. Учир нь энэ тэмцээний эхний өрөг, бас тэрнийг судлаагүй байлаа. Бид хоёр анх удаа таарсан нь энэ л дээ. Тиймээс тоглолт эхлүүлэхдээ би их сандарсан шүү.

-Аваргална гэдэгтээ хэр итгэлтэй байв? Ер нь хэд дэх өргөөс түрүүлэх тухай бодов?

-Мэдээж, түрүүлэх зорилгоор бэлтгэлээ базаасан. Гуравдугаар өрөгт Литва улсын тамирчинг хожин, тэргүүлж эхлээд л "Энэ байдлаараа хошуучилсан хэвээрээ тэмцээнээ дуусгана аа" гэж эрс шийдсэн дээ.

-Манайхнаас өмнө нь залуучуудын дэлхийн аварга болж байгаагүй юм билээ...

-Тийм ээ, тэмцээний үеэр энэ тухай бодогдсон шүү. Гэхдээ тэмцээн дуусаагүй учраас энэ талаар бодохгүйг хичээсэн. Наймдугаар өрөгтөө Нидерландын тамирчинг хожоод, дөрвөн оноогоор тасарч аваргын болзол хангахдаа Монгол улсаас анхны залуучуудын дэлхийн аварга болсноороо маш их бахархсан даа. Медалийн тавцан дээр төрийн дууллаа эгшиглүүлж зогсохдоо бараг л уйлсан шүү.

-Дэлхийн аварга болоход шагнал урамшуулал дагах юм уу? Хаанах хаанахын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэв?

-Энэ жилээс Дэлхийн даамын холбооноос тодорхой хэмжээний мөнгөн шагналаар урамшуулдаг болсон. Мөн би энэ амжилтаараа MIF буюу Олон улсын мастер цолны болзол хангаж байгаа. Мөнгөн медалийг Олон улсын их мастер Б.Мишээл, хүрэл медалийг Нидерландын Луис Габберт хүртсэн.

-Тэгвэл төр засгаас хэрхэн урамшуулав?

-Медаль авбал л бага хэмжээний мөнгөн урамшуулал улсаас олгодог.

-Оюуны спортыг манай улс нэг их анхаардаггүй юм шиг санагддаг. Энэ талаарх таны бодол...

-Тийм ээ, нэг их анхаардаггүй нь үнээн. Манай тамирчид тив, дэлхийн аваргын тэмцээнд бүх зардлаа 100 хувь өөрөөсөө гаргаж оролцдог. Сая дэлхийн аваргын зардлыг маань "Их гүрэн" констракшны захирал Ц.Батсүх, найман настай шавь Н.Номингийн маань аав, ээж хоёр ивээн тэтгэсэн. Ер нь даамын спортод ивээн тэтгэгч тун ховор. "Хасу Мегастарс" клубт харьяалагдаж байхад "Хасу Мегаватт" компанийн захирал Ж.Түмэн-Аюуш гуай гадаадад болсон хэд хэдэн тэмцээний зардлыг маань ивээн тэтгэсэн. Бас бэлтгэл сургуулилт хийх өрөөгөөр хангаж, Олон улсын их мастер Д.Баттулга багшийг маань цалинжуулдаг байлаа. Гэхдээ жилээс жилд даамын спортын үнэлэмж өсөж, сайжирч байгаа гэж би боддог юм аа.

-Та хэр олон шавьтай вэ?

-Одоогоор гарын цөөн хэдэн шавьтай болж байгаа.

-Даамын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ? Анхны багш чинь...

-Би ихэр л дээ. Даамын спортоор бид хоёр арван жил хичээллэж байна. Анх 2013 онд "Шавь" цогцолбор сургуулийн Р.Нармандах багшийн "Шавь" клубт хичээллэж эхэлсэн. Дараа жил нь буюу 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явахдаа Дэлхийн даамын холбооны мастер Г.Хэрлэнмөрөн багш дээрээ бэлтгэлээ базаасан бол мөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо спортын мастер Ч.Дамдинсүрэн багш дээрээ бэлтгэл сургуулилтаа хангасан. 2016 оноос Олон улсын их мастер Д.Баттулга багшийн "Хасу Мегастарс" клубт харьяалагдаж, 2019 оноос Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага доор "Алтан хүү" клубт хичээллэдэг болсон. Ихэр маань одоог хүртэл уг клубт харьяалагддаг. Харин би 2022 оноос Олон улсын их мастер Ц.Сүхбат багшийн удирдлаганд "Монгени" клубт хичээллэж байгаа.

-Энэ спортын юунд тэгтлээ татагдав?

-Анх хичээллэснээс жилийн дараа Тайланд улс руу тэмцээнд яваад л энэ спортоор хичээллэх урам орж билээ. Дараа нь даам тоглоход уран гоё нүүдэл, комбинац буюу цохилтууд хийж гарцаагүй байдалд оруулж хожих нь надад маш их таалагдсан. Мөн оновчтой нүүдэл буюу хожлын нүүдэл нүүх мэдрэмж надад маш хүчирхэг байдлыг мэдрүүлдэг учраас энэ спортдоо улам их шимтэж байна.

-Анх хичээллэхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авав?

-Анх эмээ минь бид хоёрыг даамын спортод хөтөлж оруулсан ба тууштай хичээллэх үндэс суурийг минь тавьж, 100 хувь дэмждэг байсан. Аав ээж, өвөө эмээ, хамаатан садан, эргэн тойрныхон маань бүгд л бид хоёрыг дэмждэг.

-Та өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Энгийн үед тогтмол 1-2 цаг хийдэг. Томоохон тэмцээнд багадаа таван цаг бэлдэнэ. Энэ дэлхийн аваргад оролцохдоо хичээлийн хажуугаар олдсон бүх чөлөөт цагаа бэлтгэлд зориулсан.

-Нэг өрөг хэдэн минут үргэлжилдэг вэ? Тэсвэр тэвчээр их шаардана биз?

-Өмнөх жилүүдэд нэг өрөг доод тал нь таван цаг үргэлжилдэг байсан бол энэ жилээс шинэ цагийн хяналттай болсноор нэг өрөг хамгийн удлаа гэхэд дөрвөн цаг гаруй үргэлжилдэг болсон. Ер нь тэсвэр тэвчээр их шаардана шүү. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдын хувьд 4-5 цагийн турш анхаарлаа төвлөрүүлж суух нь хэвшил болсон зүйл л дээ.

-Дэлхийн шилдгүүдээс хэн хэний өрөг үзэж, дүн шинжилгээ хийдэг вэ? Шүтдэг даамчин чинь...

-Дэлхийн шилдгүүдийн ихэнх өргийг үзэж судалдаг. Эрэгтэйчүүдээс Олон улсын их мастер, ОХУ-ын Александр Георгиев, Александр Шварцман хоёрын өргийг шимтэн үздэг. Эмэгтэйчүүдээс Олон улсын их мастер, Украины Викториа Мотричкогийн өргийг илүүтэй үзэж сонирхдог.

-Мартагддаггүй хожил, хожигдол бий юу?

-2014 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өрөгт Казахстаны Кассим Алимаг хожсон өргөө огт мартдаггүй ээ. Энэ казах охинтой 2014 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр найзалж дотноссон юм. Дэлхийн аваргад би түүнтэй тоглохоос өмнө мөнгөн медалийн болзол хангаснаа мэдэлгүй хожих хэрэгтэй гэсэн зорилготой л тоглолтоо эхлүүлсэн. Тоглолтын явцад нэг хүүгээр илүүрхэж эхлэхэд өрсөлдөгч маань уйлж эхлээд бүр тоглолт дуустал уйлсан шүү. Найзыгаа бүхэл бүтэн хоёр цаг уйлуулж хожсондоо үнэхээр сэтгэл дундуур байдаг учраас санаанаас маань одоо ч гардаггүй ээ. 2014 оны Ерөнхий боловсролын сургуулиудын багийн улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өрөгт Дорноговь аймгийн багтай тоглолоо. Манай баг түрүүлэх эсэх нь надаас шалтгаалж байсан л даа, тэгэхэд. Хүү илүү явсан би хожлоо алдаж тэнцээд, баг маань гуравдугаар байрт орж билээ. Миний хариуцлагагүй явдал багийнхны минь хичээл зүтгэлийг талаар болгосон учраас тэр тэнцээ надад маш том хожигдол мэт санагдах болсноос хойш өрөг дуусан дуустал хянуур няхуур байхыг зорьдог болсон доо.

-Та жилд дунджаар хэдэн тэмцээнд ордог вэ?

-Монголын даамын холбооноос тухайн жилд зохиож байгаа бүх тэмцээнд алгасалгүй оролцдог.

-Удамд тань өөр даамчин бий юу?

-Удамд маань даам сонирхдог, тоглодог хүмүүс бишгүй ч мэргэжлийн тамирчин, тоглогч байдаггүй. Тэгэхээр бид хоёр анхных нь.

-Та ихэр юм билээ. Ихэр чинь даам тоглодог уу?

-Тийм ээ, миний ихрийг Анужин гэдэг. Спортын мастер цолтой. Хамгийн чанга өрсөлдөгч маань гэхэд болно. Ихэр маань 2023 оны насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлсэн.

-Та хоёр цуг олон тэмцээнд ороо биз. Олон удаа таарсан уу? Хожил, хожигдлын харьцаа...

-Бид бараг тэмцээн болгон дээр таардаг. Ихэвчлэн хайнцдаг л даа. Гэхдээ нарийн ширийн тоолж үзээгүй ч Анужин илүү олон хожсон байх гэж бодож байна.

-Та хоёрын тоглолтын арга барил өөр үү?

-Тийм ээ өөр, бүр маш өөр шүү. Би голдуу онол баримталж нүүдэг бол Анужин бараг л тэгдэггүй. Зөв гэж бодсоноороо л нүүчихнэ. Тиймдээ ч Анужингийн нүүдлийг тааж тооцоолох нь ярвигтай байдаг.

-Таны гаргаж буй амжилт ихэртэй чинь салшгүй холбоотой байх...

-Зөв өө. Цуг бэлтгэл хийж байхад миний анзаараагүй зүйлийг Анужин анзаарчихдаг тохиолдол олон бий. Тэр үед бие биедээ зөвлөөд, юу мэддэгээ солилцдог. Би ганцаараа бэлтгэл хийхдээ судалж байгаа зүйлээрээ Анужинтай нүүгээд үзчихнэ. Тодорхойгүй тоглолттой түүн шиг хүнтэй шинэ зүйл туршихаар их урамтай, үзээтэй болчихдог юм (инээв).

-Монголд эрэгтэй их мастер хэд бий. Харин эмэгтэй их мастер бий юу?

-Монгол улсад долоон эрэгтэй их мастер, эмэгтэй дөрвөн их мастер байдаг.

-Их мастер цолны төлөөх дайралтаа хэзээнээс хийж эхлэх вэ?

-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд түрүүлбэл Олон улсын их мастер цол олгодог. Азийн аваргын тэмцээн нь хоёр жилд нэг удаа зохиогддог л доо. Хойтон болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа.

-Таныг одоо ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Саяын хэлсэнчлэн 2024 оны тивийн аваргын тэмцээнд бид хоёр оролцоно.

-Тэмцээнд оролцсоны дараа их ядардаг байх. Тархи толгойгоо хэрхэн амрааж сэргээдэг бол?

-Ихэр бид хоёр даамаас гадна зурах, хөгжимдөх, ном унших зэрэг хоббитой. Анужин гитар сайн тоглодог. Харин би төгөлдөр хуур тоглох сонирхолтой. Чөлөөт цагаараа зураг зурж, сонирхолтой ном уншиж, дуртай хөгжмөө тоглох нь сэтгэл үнэхээр сэргээж, тайвшруулдаг. -Чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрөөдөг вэ? -Чөлөөт цагаараа ном уншиж, түүгээрээ тэмдэглэл хөтөлдөг. Би хаа нэг төгөлдөр хуураа тоглодог. Анужин маань гитараа ч тоглоно, зургаа ч зурдаг.

-Та насанд хүрэгчдийн улсын аваргад 14-хөн настайдаа түрүүлсэн...

-Тийм ээ. Би 2016 онд Монголын бүх ард түмний спортын 14-р их наадамд оролцоод, хүрэл медаль хүртэж, спортын мастер цолны болзол хангасан. Хоёр жилийн дараа энэ амжилтаа ахиулж, насанд хүрэгчдийн улсын аваргад 14 настайдаа түрүүлсэн юм. Өмнө нь 2008 онд Дэлхийн даамын холбооны мастер Б.Нандинцэцэг эгч маань 15 настайдаа түрүүлж байсан юм билээ.

-Даамчин эмэгтэйчүүд эрчүүдийн ангилалд өрсөлддөг тохиолдол бий юу?

-Тийм ээ, эмэгтэй тамирчид эрэгтэй ангилалд өрсөлдөж болдог. Алсдаа эрэгтэй ангилалд өрсөлдөх бодол надад байгаа.

-Саяын дэлхийн аваргад түрүүлснээр чансаа чинь нэлээн өссөн байх...

-Чансаа тодорхой хэмжээгээр өссөн байх гэж бодож байна. Дэлхийн даамын холбоо улирал тутамд тамирчдын чансааг шинэчилдэг. Тиймээс ирэх нэгдүгээр сарын 1-нд шинэ чансаа гарна.

-Та МУИС-ийн ХУС-ийн Америк орон судлалын ангид сурдаг юм билээ. Америк судлаач болно гэсэн үг үү?

-Тийм ээ. Америк орны үүх түүх, зан заншил, бүхий л цаг үеийн тухай судална.

-Яагаад энэ мэргэжлийг сонгов?

-Би энэ спортынхоо ачаар маш олон гадаад найзтай болсон. Тэдэнтэйгээ үргэлж англи хэлээр ярьдаг. Орон орны найзуудтай байх үнэхээр гоё учраас гадаад харилцаанд суурилсан мэргэжилтэй болохоор шийдэж, энэ мэргэжлийг сонгосон.

-Ямар ямар хэлээр чөлөөтэй ярьж, ойлголцдог вэ?

-Англи хэлээр ярьж, ойлголцчихно. Мөн орос, франц хэлийг бие даан судалж байгаа.

-Сургуулийнхан чинь яаж угтав?

-Одоогоор сургуульдаа очиж амжаагүй л байна (инээв).

-Ингэхэд танд гадаадаас тамирчнаа болгох санал ирж байв уу?

-Одоогоор үгүй ээ.

-Гэрийнхнийхээ тухай яриач...

-Аав, ээж, ах, ихэр эгчийнхээ хамт ам бүл тавуулаа амьдардаг.

-Нууц биш бол найз залуутай юу?

-Найз залуу байхгүй ээ (дахин инээлээ).

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ирэх жил Азийн аваргад түрүүлж, Олон улсын их мастер болохыг хүсье.

Ш.Эрдэнэтөр

No description available.

No description available.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    LOPEZ Siara (185.182.193.32)
    hbqfdbzbvnqjrfnbnvn, vzjneijnkzkzkdnd jnvjfnnednjndsvnsdjv
    2023 оны 11 сарын 19 | Хариулах

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин