УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чуулганы нээлтэд зориулан хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүд ээ,

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Хүндэт зочид оо,

Өдгөөгөөс 35 жилийн өмнө 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль болж 426 депутаттай Ардын Их Хурал бүрдсэн билээ. Улмаар 53 гишүүнтэй Улсын Бага Хурал бий болж, анхдугаар хуралдаанаа мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын тогтолцооны суурь тавигдсан түүхтэй. Үе үеийн парламентын гишүүд болон нийт ард иргэддээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн баярын мэндийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Парламентын түүхийн гэрч болсон Улсын Бага Хурлын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Улсын Их Хурлын үе үеийн даргаар ажиллаж байсан Нацагийн Багабанди, Лхамсүрэнгийн Энэбиш агсан, Санжбэгзийн Төмөр-Очир, Намбарын Энхбаяр, Цэндийн Нямдорж, Данзангийн Лүндээжанцан, Дамдины Дэмбэрэл, Зандаахүүгийн Энхболд, Миеэгомбын Энхболд, Гомбожавын Занданшатар нарт болон Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулан батлуулахад эрдэм оюунаа дайчлан үнэт өв бүтээсэн Улсын Бага Хурлын гишүүд, тэдний залгамж халаа Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд Та бүхэндээ парламентат ёсыг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмэрт тань гүн талархал илэрхийлье.

Өнгөрсөн 7 дугаар сард Швейцарын Холбооны Улсад зохион байгуулсан 180 орны төлөөлөл бүхий Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож манай улсын парламентын төлөөллийн ахиц, шинэ стратеги, хэтийн зорилго, хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэхэд монголчууд бидний амжилтыг олон улс өндрөөр үнэлж, хурлын үеэр манай улсын туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлж байсныг энд тэмдэглэн хэлье.

Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож байгаа нь онцгой бэлгэ дэмбэрэлтэй юм. Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн сууж буй Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ болон Монголын ард түмэндээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. Хууль тогтоох ажиллагаанд чухал хамааралтай Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурал шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон. Ард түмнээс эхтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож, нээлттэй, эргэх холбоотой байх стратеги бодлого биеллээ олох ёстой. Бид эдийн засаг, бизнесийн мега төслүүдийг хөдөлгөхөөс гадна “Хүн төвт” стратегиа өнгөрсөн намрын чуулганаар батлан хэлэлцсэн. Энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулагдлаа. Улсын Их Хурлын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад Байнгын болон дэд хорооны дарга, гишүүд идэвх, санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хууль тогтоогчид оо,

Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм.

Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна. Тиймээс хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай. Энэ шинэчлэл нийгмийн даатгалын сангийн алдагдал, буруу удирдлага, хулгай луйврын ул мөрийг нөхөхөд чиглэх ёсгүй. Монгол Улсын иргэн бүр өөрийн хуримтлалынхаа жинхэнэ эзэн байх зарчмыг гол цөмөө болгож, бодитой шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар, холбогдох яам боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэе.

Иргэдийн хүсэн хүлээж буй татварын бодлогын хувьд төсвийн орлого, зарлагын бүтцийн асуудлыг бүх талаас нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Татвар нэг талаас нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстойг Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага онцолдог. Гэтэл манай улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэх чиг үүрэгт хэт анхаарсны улмаас 2024 онд гэхэд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлсэн. Тэгвэл энэ ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулснаар бодитой багасгах боломж байсаар байна.

Татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байна. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн. Татвар бууруулах тохиолдолд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг нийгмийн шинжтэй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх нь тодорхой. Үүний тулд нэгд, төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх, хоёрт, төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй загварыг бий болгох шаардлагатай. 

Төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй. Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь үлэмж доогуур байна. Тодруулбал, 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол Нэгдэл” дангаар бүрдүүлжээ. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Орон нутагт энэ байдал дээрдэх зүйлгүй. Орон нутгийн өмчийн 350 аж ахуйн нэгжийн зөвхөн 30 хувь нь 388 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 2023 онд ердөө 1 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Энэ байдал цааш үргэлжлэх ёсгүй. Өнөөдөр төрийн өмчит 107 компанийг 9 яам, агентлаг харьяалан удирдаж компаниудын үр ашиг, өгөөжид хяналт, гүйцэтгэлийг шаарддаг, хариуцлага тооцдог мэргэжлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо алга байна. Хувийн хэвшлийн хийж чаддаг бизнесийн орчинд төр аж ахуй нэгжүүдтэй өрсөлддөг байж болохгүй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганаар төрийн өмчийн бодлогын шинэчлэл, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах санаачилгыг дэмжин ажиллана. Төрд нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй үүрч явах ёстой төрийн өмчит компанийн засаглалыг шинэ шатанд гаргаж, нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэхийн тулд улс төрийн нөлөөллөөс ангид, зөвхөн мэргэжлийн ур чадвар, туршлага дээр тулгуурласан менежерүүдээр удирдуулах шаардлагатай. Эдгээр бодлогын шинэчлэл хууль тогтоомжоор дамжин хэрэгжих учиртай. Иймд Улсын Их Хуралд хэлэлцүүлгийн шатанд байгаа “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон “Нийтийн өмчийн тухай” хуулийн төслийг нягт хэлэлцэж, цогц шийдэлд хүрэх шаардлагатайг онцлон тэмдэглэе.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчний салбарын эрх зүйн орчны болон энэ салбар дахь төрийн өмчит хуулийн этгээдийн шинэчлэл нэн яаралтай хийгдэх учиртай. Тиймээс өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн давуу талыг бус, сөрөг үр дагаврыг ч олон талаас нь нягтлан шийдвэрлэхийг анхааруулъя. Мөн энэ салбарын шинэчлэлийн асуудлаар судалгаа, санал, дүгнэлт гаргахаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн төслүүдээ цаг алдалгүй өргөн мэдүүлэх нь зүйтэй.

Төрийн байгууллагуудын ажил давхардал ихтэй, хөдөлбөл л зөвшөөрөл, бүртгэл нэхэж, байгууллагын журам гэгчээр хүнд суртал үүсгэж байгаа нь үнэн. Бид төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна, шуурхай болгоно гэх мөртлөө иргэд, аж ахуй нэгждээ ээлгүй, хэтэрхий хүнд сурталтай байсаар байна. Өнөөдөр нэг үйлдвэр барихад “есөн эрүү” тулгах мэт бичиг цаасны олон шат дамжлагатай байгаа нь бидний бодож санасан зүйлс үнэндээ ажил хэрэг болохгүй байгааг харуулж байна. Тиймээс процессын дахин инженерчлэлийг бүх салбар, шатанд хэрэгжүүлэх ёстой. Энэ бодлогын хүрээнд хаврын чуулганаар “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 78 дугаар тогтоол батлагдсан. Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийг ганц нэг салбар төдийгээр оромдож хийх биш, төрийн байгууллагууд хоорондын болон салбар дундын уялдаа холбоог углуургаар нь харж, системээр нь авч үзэх ёстойг тал талдаа бодолцож, хурдтай, санаачилгатай ажиллах хэрэгтэй. Цаашид Төрийн байгуулалтын байнгын хороо энэ тогтоолын биелэлтэд тавих хяналтаа эрчимжүүлж, үр дүнг олон нийтэд улирал тутамд тайлагнаж ажиллахыг сануулъя. Мөн холбогдох бусад Байнгын хороо салбар бүр дэх процессын дахин инженерчлэлийг тууштай дэмжиж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой.

Эрхэм гишүүд ээ,

Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Гэтэл багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс бид ирээдүйд юу хүлээх вэ. Цаашид бид хүүхдүүдийнхээ ирээдүй, улс орны хөгжилд хамаарах боловсролын асуудлуудыг бүхэлд нь харж, тогтолцоо, төсвийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Багшийн хүрэлцээ, сургалтын чанар, ажлын таатай орчин, сургуулийн дэд бүтэц, үдийн хоолны хөтөлбөрийг нэгэн зэрэг, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх нь өнөөдрийн бидний үүрэг мөн.

Сүүлийн 10 жилд сурагчдын тоо 43.7 хувиар өссөн бол багшийн тоо ердөө 24.9 хувиар нэмэгдсэн байна. Багш ажлын байраа орхих байдал буурахгүй байна. 2016 онд шинэ багш нарын 4.3 хувь ажлаа орхисон бол 2022 онд энэ үзүүлэлт 12.7 хувьд хүрчээ. Хими, биологи, англи хэл, мэдээллийн технологийн багш нар илүү өндөр үнэлэмжтэй бусад салбарт шилжиж байгаа нь нөхцөлийг улам хүндрүүлж байна. Үүний улмаас өнөөдөр төрийн өмчит сургууль, цэцэрлэгт 5 мянга гаруй багшийн бодит дутагдал үүсчээ. Энэ тоо ойрын гурван жилд өсөж сургуульд 14 мянган багшийн дутагдал үүсэхээр байна. Иймд багшийн цалин урамшууллыг уян хатан болгож, ажлын ачааллыг шударгаар үнэлэх, орчин нөхцөлийг шинэчлэх, ил тод, шударга үнэлгээний тогтолцоо бий болгох шаардлагатай байна.

Өнөөдөр нэг ангид 70 хүүхэд сурч байгааг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй. Нийт хүүхдүүдийн маань талаас илүү хувь нь 1800-аас дээш сурагчтай даац хэтэрсэн сургуульд сурч байна. Улсын хэмжээнд 124 сургууль хэт өндөр ачаалалтай байна. Анги дүүргэлтийг 40 хүүхдээс хэтрүүлэхгүйн тулд нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай. Үүний өртөг нь 1.6 их наяд төгрөг болно. Асуудлыг ирэх 3 жилдээ үе шаттай шийдэхэд жил бүр 36 сургууль, 32 цэцэрлэг барих төсөв зайлшгүй хэрэгтэй байна.

Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань эрдэм номтой бөгөөд эрүүл байх ёстой. Монгол хүүхдүүдийн дунд Д аминдэмийн дутагдал өндөр, чихэрлэг хүнсний хэрэглээ их, сүү цагаан идээний хэрэглээ хангалтгүй байгаа нь тэдний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Дэлхийн 160 гаруй улс орны туршлагаас харахад, сургуулийн бүх ангийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, улмаар сурлагын ахиц гаргах үр дүнтэй арга гэдэг нь нотлогдсон. Манай улс одоогоор зөвхөн бага ангийг үдийн хоол хөтөлбөрт хамруулж байгаа ч цаашид дунд, ахлах ангийн хүүхдүүдийг хамруулах шаардлагатай байна. Үүнд жил бүр ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд үр өгөөж нь мөнгөөр хэмжигдэшгүй чухал юм. Улсын Их Хурлаас батлагдсан үдийн хоолны төсөв хүүхдэд бүрэн зориулагдаж байгаа эсэх, хоолны шим тэжээл, орц, хүртээмж, нийлүүлэлтийн дэд бүтэц зэргийг гишүүд болон холбогдох Байнгын хороо газар дээр нь дээр хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийн талаар бодит дүгнэлт гаргах хэрэгтэй. Үдийн хоолыг дунд, ахлах ангиудад өргөжүүлэх асуудлыг судлах чиглэлээр шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын даргын хувьд санаачлан хэлэлцүүлнэ. Цаашид энэ мэтчилэн Улсын Их Хурал баталсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд нэг бүрчлэн хяналт тавьдаг байх жишигт анхаарч ажиллана.

Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд нэгдсэн байдлаар байршуулахаар болсон. Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар, харьяа байгууллагууд энэ шинэ зохицуулалтыг баримталж ажиллах ёстой.

Өнөөдөр боловсролоос гадна Монгол хүний амьдралын чанарт чухал нөлөөлөх хүчин зүйл бол эрүүл мэнд. Иргэдийн халааснаас гарах эрүүл мэндийн зардал нэмэгдэж амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна.Өмнөх парламентын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх хууль, бодлогын үндэс тавигдсан. Үүний үр дүнд урьдчилан сэргийлэх үзлэг өргөжиж, хөнгөлөлттэй эмийн хүртээмж сайжирч, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд тодорхой ахиц гарсан. Гэвч бидэнд дутуу харсан зүйл байна. Тухайн шинэчлэл эмнэлгийн санхүүжилт, даатгал, цахимжилтад төвлөрсөн ч тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, хяналтын тогтолцооны шинэчлэл орхигдсон байна.

Өнөөдөр эмнэлгүүдийн санхүүжилт нь тоо хэмжээнд суурилж, чанартай үйлчилгээ үзүүлэх бус, илүү олон тохиолдол бүртгэх сонирхлыг бий болгожээ. Судалгаагаар хэвтэн эмчлүүлж буй тохиолдлын 30–40 хувь нь үнэндээ амбулаторийн түвшинд шийдэгдэж болох байжээ. Эмнэлгийн зардал байнга өсөж байна. 2020 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал 500 орчим тэрбум төгрөг байсан бол 2024 онд 1.9 их наяд төгрөг болж бараг тав дахин өссөн ч иргэдийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар тэр хэрээр нэмэгдсэнгүй.

Олон улсын туршлагаас харахад, “бага зардлаар ихийг хийх” зарчим баримтлан урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламжид гол санхүүжилт чиглэж байна. Харин манай улсад анхан шатны тусламж нийт үйлчилгээний тал хувийг эзэлдэг мөртлөө санхүүжилтийн 20 хүрэхгүй хувь ногдож байгаа нь том зөрүү юм.

Бид үл хязгаарлагдах хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр санхүүжүүлэхдээ:

нэгд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын тооцоололд шинжлэх ухаанч, мэргэжлийн хандлага нэвтрүүлэх, оновчтой төлөвлөх мэргэшсэн институцийг бий болгох;

хоёрт, чанар, нэхэмжлэлийн хяналтын хараат бус тогтолцоог хөгжүүлэх;

гуравт, анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Энэ шинэчлэлийг хийхдээ Улсын Их Хуралд эрүүл мэндийн асуудлаар байгуулагдсан гурван ажлын хэсгийн судалгаа, санал дүгнэлтийг харгалзан Засгийн газар, салбарын яам, парламент, оролцогч талууд хамтран ажиллах нь зүйтэй.

Эрхэм гишүүд ээ,

Хуулийг ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил, авлига, дур зоргыг цэцэглүүлж, амьдралд саад тотгор үүсгэж байна.

Аж ахуйн нэгж, ард иргэдийн амьдралыг зохицуулж байгаа журмуудыг ямар нэг баримтлах зарчимгүй, хязгаарлагдах цар хүрээгүй үзэмж, дур зоргоор батлах явдал газар аваад байсан.

Үүнийг цэгцлэхээр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар баталсан.

Энэ хуультай хамт баталсан “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Энэ ажлын хүрээнд журмын тоо цөөрч, хуульд тусгагдах ёстой боловч журамд орсон байгаа заалтууд цэгцэрнэ. Парламент хэм хэмжээ тогтоох эрхээ шилжүүлэх явдал ямар нэг зарчим, шалгуур, зохицуулалтгүй өрнөж байсан бол  одоо хуулийн хязгаар, хүний эрхийн зарчимд нийцэж явагдах юм.

Эдгээр бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн утгаар биеллээ олно. Цаашид өргөн мэдүүлэх хуулийн төслүүдэд тавигдах шаардлага өндөрссөнтэй холбогдуулан Тамгын газар хуулийн төслийн бүрдлийг нягтлахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг чанд баримталж ажиллахыг даалгаж байна.

Эрхэм нөхөд өө,

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг  таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол одоо хуульд илүү тодорхой болоод байна. Тиймээс эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу төсөв хэлэлцэн батлах гишүүд, Та бидний үүрэг хариуцлага нэмэгдэж байна.

Улс орныхоо төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд гишүүд төсөв санхүүгийн гүнзгий мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх чадвараа хөгжүүлэх нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстойг онцлон анхааруулъя.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар иргэдийн оролцоог бага зардлаар, өргөн хүрээнд хангаж E-Mongolia систем ашигласан нь сайшаалтай байна. Санал асуулгаар иргэд 2026 онд хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбарыг эрүүл мэнд, боловсролын салбар гэж үзжээ. Гэвч өргөн мэдүүлсэн төсөвт боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирсэн нь бидний хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд тулгараад байгаа дээр дурдсан бэрхшээлүүдийг шийдэхэд дорвитой нэмэр болж чадахааргүй байна.

Түүнчлэн өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье. Ингэхдээ эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх нь зүйтэй.

Наадмын дараах намрын их ажил улс даяар өрнөж, айл өрх, албан газар бүр өвөлжилтийн бэлтгэл базааж байна. Энэ жил нийт нутгийн 40 гаруй хувь гантай болон гандуу зуслаа. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өвөрхангайн зарим нутаг болон  Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг зэрэг газар тариалангийн гол бүсийн зарим хэсэгт зуншлага тааруу өнжлөө. Зуншлагын нөхцөл байдлаас улбаалан өвөлжилт, хаваржилт анхаарал татаж байна.

Засгийн газар ирж буй цагийг угтан илүү өндөр сэрэмжтэй байж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатай байна. Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал нь ирж буй өвөл хатуухан сорилт болохыг анхааруулж байна. Иймд салбар бүр дор бүрнээ зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллахыг сануулъя.

Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэд, сонгогчдынхоо итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө эрхэм гишүүд Та бүхэн эрдэм мэдлэг, арга туршлага, ур ухаанаа дайчлан хамтран ажиллаж, 2025 оны намрын чуулганы төлөвлөсөн ажлаа нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Монгол түмний хийморь сүлд өөдөө байж, эх орон маань цэцэглэн хөгжих болтугай. Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.