Дэлхийн эдийн засагт хэчнээн эрдэстэй нөхцөл байдал үүсч, савлаж байгаа талаар Олон Улсын Вальютын сангийн “Хаврын чуулга” уулзалтад оролцсон дэлхийн 190 гаруй гишүүн орны төлөөлөгчид хөндөж байсан. Учир нь цар тахал болоод дайны хүнд нөхцлийг дөнгөн данган туулан гарсан эдийн засагт АНУ-ын өндөр тарифын нөлөө хүчтэй цохилт болсон. Дээр нь их гүрнүүдийн худалдааны дайн хурцадмал байдалд шилжиснээр улс орнуудын экспорт буурах, инфляц хөөрөгдөх эрсдэл ихтэй. Энэ нь манай улсад ч хамаатай.

Учир нь үүнтэй зэрэгцээд нүүрсний үнэ огцом унасан бол сүүлийн хэдэн сараас улстөрчид үүнд анхаарч үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр хэвийн байдалд хүргэх гэж чармайж байгаа. Тэгвэл бидэнд байгаа боломж юу вэ?

Монголын уул уурхайн салбарын орлого, экспортыг нэмэгдүүлэх өөр нэгэн гарц бол алт. Манайд алт, зэс, нүүрс зэрэг эдийн засгийн голлох “зэвсгүүд” бий.

Он гарснаас эхлэн алтны үнэ долоо хоног тутамд огцом өсөж түүхэн дээд амжилтад хүрсэн билээ.

Хөрөнгө оруулалтын өндөр түвшин, төв банкуудын эрэлт алтны үнийг өндөрт барьж буй. "Bank of America"-ийн шинжээчдийн дүгнэлтээр хөрөнгө оруулалтын эрэлт 14 хувьд хэвээр хадгалагдаж ирвэл 2026 онд алтны үнэ 5000 ам.долларт хүрэх төлөвтэй гэж үзсэн.

Тиймдээ ч энэ сарын өнгөрсөн 16-нд алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 4300 ам.доллароос давсан бол мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн юм. Алтны үнэ нэг унц нь 4398 ам.долларт хүрч өссөн юм.

Гэвч Нью-Йоркийн "COMEX" биржийн өнгөрсөн мягмар гаргийн арилжааны явцад алтны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 4.2 хувиар буурч, нэг унц нь 4176.4 ам.доллар болжээ. Улмаар уналт үргэлжилж, 6.12 хувиар буурч, нэг унц алтны үнэ 4093 ам.доллар хүрсэн нь сүүлийн 12 жилийн хугацаанд алтны үнэ нэг өдөрт хамгийн ихээр унасан үзүүлэлт байв. Энэ нь ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзана гэх хүлээлтээс үүдэн үнэт металлуудын эрэлт бага зэрэг буурсан гэж үзэж байна. Уг уулзалтаар худалдааны маргааныг зохицуулах асуудлыг голчлон хэлэлцэх юм. Мөн Энэтхэгт улирлын идэвхтэй худалдан авалтын оргил үе дууссан нь үнэ буурахад нөлөөлжээ.

Харин олон улсын шинжээчдийн таамаглаж байгаагаар алтны үнэ гэнэт огцом буурсан боловч дунджаар 4000 ам.доллар давсан хэвээрээ байна.

Алтны үнэ түүхэн өндөр үзүүлэлтэд хүрч, олон улс, институц, мөн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар байгаа. Ялангуяа геополитик, төсвийн гүн хямрал, ам.долларын сулрал зэрэг эрсдэлүүд урьд хэзээ ч байгаагүй хэмжээнд нэмэгдэж, эдийн засгийн эл хямралыг далайн хүчирхэг давалгаатай зүйрлэвэл түүнийг туулан гарахад алт хамгийн найдвартай, “аюулгүй хөлөг” болж байгаа юм. Энэ нь төв банкууд болон их хэмжээний институчлал худалдан авалт хийж эхэлсэнтэй давхцсан үзэгдэл билээ.

Монгол Улс байгалийн баялаг, тэр дундаа алтны томоохон нөөцтэй улс. Сүүлийн жилүүдэд алт олборлолт, худалдаа нь эдийн засгийн “түүхийг бичдэг” чухал салбар болж байна. 1990-ээд оноос хойш олборлолт огцом өсч, 2022 онд жилд ойролцоогоор 19 тоннд хүрч байв. Гэвч олборлолтын хэмжээ жил бүр хэлбэлздэг бөгөөд 2023-2024 онуудад тодорхой бууралт үзүүлсэн баримтууд бий. Эдгээр хэмжээ нь хөрөнгө оруулалт, уул уурхайн төслүүдийн явц болон зах зээлийн үнэ нөлөөлөх хүчин зүйлс зэргээс хамааралтайгаар хэлбэлздэг.

Банк, санхүүгийн байгууллагууд Монголд алт худалдан авалтыг жил бүр тогтвортой хэмжээгээр явуулдаг. Тухайлбал, Монголбанк 2025 оны эхний есөн сард нийтдээ ойролцоогоор 9.8 тонн алт худалдан авсан бөгөөд жил бүрийн худалдан авалт өмнөх жилийнхээс тодорхой хэмжээнд хэлбэлзсэн үзүүлэлттэй байсаар ирсэн.

Монголбанк алтыг өөрийн валютын амбаарт “байлгах” стратегитай бөгөөд дэлхийн зах зээлийн хэмжүүр, дотоод мөнгөн санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад алт чухал үүрэг гүйцэтгэдэг гэж зарлаж байв. Энэ нь манай улсын хувьд эдийн засгийн найдвартай, хамгийн гол зэвсэг гэдэг нь гарцаагүй.

Яг одоогоор дэлхийн бусад орнуудад ч алтны үнэ өссөнийг үүнтэй холбон тайлбарладаг.

Шинжээчдийн үзсэнээр дэлхийн хамгийн том эдийн засгийн голлох хүч болох АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны зөрчил улам хурцдаж, мөн АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, Холбооны нөөцийн сан аравдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан найдвартай активууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татах болсон нь алтны үнэ өссөнтэй холбоотой байв.

“Алт бол хямралын үед мөнгийг орлох гол тулгуур, мөн төв банкуудын нөөцийг төрөлжүүлэх хэрэгсэл юм”. Эл тайлбарыг олон улсын санхүүгийн шинжээчид хэлж байна. Жишээ нь HSBC болон Goldman Sachs зэрэг байгууллагууд 2025 онд алтны дунд, урт хугацааны таамгийг дээшлүүлсэн бөгөөд зарим судлаачид 2026-2028 онуудад илүү өндөр түвшинд хүрч, үнэ нь буухгүй байж магадгүй гэж тооцоолж байгаа.  

Тэгвэл бид дэлхийн алтны талбар дээр ямар байр суурийг хадгалж ирсэн бэ? Энэхүү томоохон зах зээл дотор хэрхэн тоглогч вэ гэдгээ харах нь чухал.

Өнөө үед алтны үнэ өсөх үед жижиглэн олборлогчид, ялангуяа хувийн бизнес эрхлэгчид ихэвчлэн зах зээлд борлуулахгүй, улам өндөр үнэ хүрнэ гэх таамаглаж дэвшүүлж, хадгалах зарчимд түлхүү анхаарах болжээ. Харин Төвбанк зарим үед илүү идэвхтэй худалдан авалт хийж, зах зээлд оролцсоноор алтны үнийг тогтвортой болгох гэж оролддог. Монголд алтны арилжаа, худалдан авалт нь хууль эрх зүйн хүрээнд зохицуулагддаг ч уламжлалт зах зээлд бүртгэл, нягтлан бодох бүртгэл дутмаг байдаг нь ил тод.

Өнөө үед алт төв банкуудын нөөцийг төрөлжүүлэх зах зээлд түлхүү нөлөөлж байна. Төв банкууд алтыг нэмэх замаар валютын эрсдлийг багасгахыг эрмэлзэж буй.

Монголын нөхцөлд Төвбанк алт худалдан авалтаа журамласан зарчимтай явуулж буйг олон улсын шинжээчид магтжээ. “Монгол Улс алтны худалдан авалтаа олон улсын стандарттай нийцүүлэн, London Principles зэрэг зарчмуудтай уялдуулан ажиллаж байна” гэж ОМФИФ-ын нэгэн судалгаанд дурдсан байна.  

Алт бол байгалийн нөөц, түүний олборлолт, борлуулалт нь байгаль орчин, нийгмийн хариуцлага, концессын гэрээ, татварын бодлого зэрэг олон давхар хүчин зүйлээс шалтгаална.

Төвбанкны худалдан авалт 2025 онд эхний 8–9 сард өмнөх жилийнхээс бага байсан нь дотоод нийлүүлэлт, зах зээлийн нөхцөл болон үнэ өсөхтэй холбоотой стратеги өөрчлөлттэй уялдаатай. Гэхдээ Монголын алт олборлох чадвар, шинэ төсөлүүд (шинийг ашиглалтад оруулах төслүүд) ойрын жилүүдэд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой тул экспорт, валютын орлого нэмэгдэх найдвартай хэмээн Хинхуа агентлаг дурджээ.

Алтны үнийн өсөлт нь богино хугацаанд хөрөнгө оруулагчдад ашиг авчирч болох ч өндөр хэлбэлзэлтэй тул “Хэн, хаана, хэрхэн...” гэдэг нь хамгийн чухал. Монгол Улсад алт нь валютын нөөцийг бэхжүүлэх, хөрөнгө хадгалах хэрэгсэл байхаас гадна гадаад зах зээлд худалдаалж валют олох эх үүсвэр билээ.

Засгийн газар 1992-2000 онд “Алт хөтөлбөр”, 2016-2020 онд “Алт-2” зэрэг хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байв. Алдсан нь ч, оносон ч бий. Харин өдгөө “Алт-3” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ нь алтны олборлолтыг нэмэгдүүлж, валютын нөөцөө зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой барих зорилготой.

Тус хөтөлбөрийн хүрээнд гурван тонноос дээш батлагдсан нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа хийгдэж байгаа. Ойрын хоёр жилийн хугацаанд шороон ордын алтны тушаалт 20-30 хувиар нэмэгдэх боломжтой үзсэн. Мөн дунд хугацаанд 45 ордын нийт 129.1 тонн алтны нөөцийг ашиглалтад оруулж, жил бүр дунджаар 10 орчим тонн алт Монголбанканд нийлүүлэх судалгаа гарчээ.

Гэхдээ манай улс экспортынхоо 98 хувийг дан ганц Швейцар улсад л нийлүүлдэг байна. Тэгэхээр бид алтны ордын нөөц болоод нийлүүлэгчээ нэмэгдүүлж чадвал олон шинэ боломж үүсэх нь гарцаагүй юм.

Өдгөө дэлхий дээрх алтны батлагдсан нөөц 52 мянган тонн. Харин манай улс нэг хувийг л эзэлдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн үйлдвэрлэлд 0.7 хувийг эзэлдэг гэсэн үг. Гэхдээ алтны шинэ үндсэн орд нээгдэх магадлал өндөртэй орон. Яг одоогийн байдлаар Монголд алтны уурхайн хүчинтэй байгаа 560 лиценз бий аж. Гэвч эдгээрийн 15 хувь нь шороон орд. Учир нь өдгөө дэлхийд алтны үнэ огцом өсөж байгаа боловч шороон ордны тусгай зөвшөөрөл бага олгогдож байгаа. Тиймээс бид өөрсдөд байгаа баялагаа хав дараад суух биш ашиглаж чадвал эдийн засгаа эргэлтэд оруулах, тэлэх бүрэн боломжтой.