Дортмунд Реал Мадридыг 4:1-ээр машиндлаа

Аваргуудын лигийн хагас шигшээд герман болон испаничуудын дуэль үргэлжилсээр байна. Дуэль ч гэж дээ германы хоёр клуб испанийн хоёр домгийг нухчин дарж байна.
Барселона клуб Байерн Мюнхенд эхний тоглолтдоо 4:0-ээр бут ниргүүлж шуугиан дэгдээгээд байсан бол өнгөрсөн шөнө бас л германчууд шинэ дуулианыг тарьж орхилоо. Боруссия Дортмунд эхний тоглолтыг талбай дээрээ хийж Реал Мадридыг хүлээн авсан бөгөөд 4:1-ээр тоглолт өндөрлөсөн. Боруссия Дортмундын польш довтлогч Роберт Левандовский Криштиан Рональду тэргүүтэй испаничуудын хаалганд 8, 50, 55, 66 дахь минутад гоолдсоноор түүхэн амжилт үзүүллээ.
Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт нэг тоглогч дөрвөн гоол оруулсан түүх урьд хожид байгаагүй бөгөөд Роберт Левандовскийн хувьд Реал Мадридын мөрөөдөлд ийнхүү цэг тавьж орхилоо. Реалын лидер Криштиан Рональду нэр төрийн цорын ганц гоолыг энэ тоглолтод оруулсан. Хариу тоглолт дөрөвдүгээр сарын 30-нд Реал Мадридын Сантьяго Бернабау цэнгэлдэхэд болох юм. Эхний тоглолтдоо 4:1-ээр хожигдоод байгаа Реалын залуус талбай дээрээ өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авна гэдэг хүнд даваа. Ялангуяа ийм хариуцлагатай тоглолтод алдаа гаргах эрх Дортмундын тоглогчдод байхгүй юм.
Харин Барса Байерн Мюнхены хариу тоглолтод тавдугаар сарын 1-нд Кэмп Ноуд болно. Германд очиж бутниргүүлсэн испанийн хүчирхэг хоёр клуб талбай дээрээ хэрхэн тоглохыг та бид удахгүй харах болно.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ