О.Насанбурмаа: Бид хичээнэ ээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ҮШБ-ийн тамирчин, МУГТ О.Насанбурмаатай уулзлаа. Түүний хувьд Монголиа опен тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бэлтгэл сургуулилт хэр байна?
-Юуны өмнө биднийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд гол нөлөө үзүүлж санхүүгээр тусалсан Үндэсний шигшээ багийн алба болон спортын бэлтгэлийн төвийн нийт хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн багш дасгалжуулагч нартаа ч үргэлж баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна. Бид нар Азийн аваргаас ирснийхээ дараа Эрдэнэтэд сэргэлтийн бэлтгэлд 10 хоног гараад, нийслэлд ирээд, шууд л бэлтгэлээ үргэжлүүлэн хийж байна.
-Энд хэдэн тамирчин байна. Эрэгтэй, эмэгтэй тамирчид тус тусдаа байрлан бэлтгэлээ хийж байгаа юм байна. Та нар хэн гэдэг дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэж байна даа?
-Эрэгтэй тамирчид МҮОХ-ны дэргэдэх Олимпийн анагаах ухааны төвд байрлаж байгаа. Биднийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, МУГД Т.Сүхбаатар, З.Дүвчин нар дасгалжуулж байна. Миний хувьд энэ тэмцээнээс өмнө нь алт, мөнгөн медаль хүртэж байлаа.
-Тамирчдын хувьд жин хасах, мөн жингээ яаж тавих вэ гэсэн асуудал бий юу?
-Энэ тэмцээн хоёркг-ын жингийн зөрүүтэй байдаг учраас жин хасаад байх шаардлагагүй байх. Бусад тамирчид ч мөн адил жин хасах асуудал байхгүй. Миний хувьд 67 кг-ын жинд хүч үзнэ.
Бид "Говь Резорт"-д байхдаа өдөрт хоёр удаагийн давтамжтай бэлтгэлээ хийж байсан. Харин энд байрлаад өдөрт нэг удаа хийж байгаа. Ямар ч байсан эх нутагтаа МЧБХ-ноос зохион байгуулж байгаа ОУ-ын өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд хариуцлагатай барилдана.
-Амжилт хүсье. Эх нутагтаа энэ тэмцээн болж байгаа учраас баг тамирчдаа хөгжөөн дэмжигчид, эх орон элэг нэгтнүүд нь маш сайн дэмжинэ. Тэмц, Тэгээд, Ял чөлөөт бөхийнхний уриагаар ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Бид хичээнэ ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ