Э.Халиунболд: Би зургаан сар л тэссэн

Таван наснаасаа эхлэн мотоцикл унаж сурснаар өнөөг хүртэл 18 жил мотоспортод үнэнч зүтгэж буй мотоспортын ОУХМ Э.Халиунболдтой ярилцлаа. Тэрбээр зорилгынхоо төлөө ямар ч бэрхшээлийг даван туулахад бэлэн, зоригтой залуу юм билээ.

-Сүүлийн үед сонин сайхан юу байна, тэмцээн уралдаанд орсон уу?

-Ойрд тэмцээн уралдаанд орсонгүй ээ. Эгмийн гэмтэл сайн эдгэхгүй байгаа л даа.

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн байгаа юу?

-Одоогоор байхгүй. Гэмтлээ эдгээж байгаад оролцоно доо.

-Эгмээ яагаад гэмтээчихэв?

-Ноднин тавдугаар сарын сүүлээр гэмтээчихээд зургаадугаар сарын сүүлээр Азийн аваргад ороод дөрөвт орсон. Гэмтлээсээ болоод сайн уралдаж чадаагүй. Хоёр хугарал, долоон хадаастай. Бороололт нь сайн эдгэж өгөхгүй л байна.

-Гэмтлээсээ болоод уралдах зориг зүрх чинь мохоогүй биз дээ?

-Зүгээрээ. Угаасаа эрсдэлтэй спорт гэдгийг нь мэдэж байсан шүү дээ. Даван туулах л хэрэгтэй.

-Одоо юу хийж байна даа?

-Клубынхээ ажлыг хийгээд л. Манай клубээс Монголд мотоспортын шинэ зам барих гэж байгаа. Алтай констракшн ивээн тэтгэгчээр ажиллана.

-Энэ спортыг яагаад сонгож хичээллэх болов?

-Багаасаа л спортоор хичээллэдэг хүмүүсийн дунд байж, мотоцикльтэй хамт өсөж өндийсөн гэхэд болно. Аав, ах нар бүгд мотоспортоор хичээллэдэг. Би ч таван настайгаасаа унаж эхэлсэн дээ. Айлын бага хүүхэд болохоор ч тэр үү ааваасаа салдаггүй, үргэлж л дагаж явдаг байсан. Урд нь суугаад жолоог нь мушгина. Дөрвөн настай байхад “Ямаха” маркийн жижиг мотоцикль авч өгсөн юм. Түүнийг нь удаагүй унаад сурчихсан даа.

-Таван нас гэдэг мотоцикл унаад уралдахад дэндүү балчир нас биш үү?

-Тийм л дээ. Миний хувьд таван настай байхдаа мотоцикль унаж сурсан л болохоос уралдаанд оролцдоггүй байсан. Харин 2000 оноос уралдаж эхэлсэн.

-Ирээдүйд хүүхдээ өөр шигээ мотоспортын тамирчин болгох уу?

-Тэр асуудлыг би шийдэхгүй байх л даа. Хүүхдийг өөрийнх нь сонирхлоор л байлгах хэрэгтэй гэж боддог. Өөрийнхөө туршлагаас харсан ч тэр

-Өвөө чинь бас хичээллэдэг байсан гэж сонссон. Өвөөгийнхөө талаар яриач?

-Өвөөг маань Шагдарсүрэн гэдэг. Монголд мотоспортыг хөгжүүлэхэ үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж боддог. Залуудаа Сэлэнгэ аймагт мотоспортын сайн тамирчин байж, тэнд мотоспортын клуб байгуулж байсан гэсэн.

-Одоо юу хийж байгаа вэ?

-Сэлэнгэд хашаандаа ногоо таридаг. Ер нь л янз бүрийн юм хийгээд байж байдаг юм. Хөдөлгөөнтэй хүн дээ.

-Өвөө дээрээ их очдог уу?

-Байнга очиж чаддагүй юм аа. Гэхдээ зав чөлөөгөөрөө очихыг хичээдэг. Намайг очихоор тэмцээн уралдаан сайн уу, бие нь гайгүй юу гээд л асуугаад байдаг. Гэхдээ бид хоёр мотоциклийн талаар их яриад байдаггүй. Харин өвөө залуу байхдаа ан хийдэг байсан. Түүнийгээ л их ярьдаг юм. Би ч сонсох дуртай.

-Танай аав Ш.Эрдэнэбилэг уралдаж яваад осолдож спортоо орхисон. Энэ чамд ямар нэг байдлаар сургамж болоогүй юу?

-Тэгсээн. Тухайн үед жаахан хэцүү байсан. Гэхдээ мотоцикль бол миний мөрөөдөл, зорилго, бүх юм гэж хэлж болно. Унах уу, үгүй юу гэдгийг тааж мэдэхийн аргагүй үнэхээр эрсдэлтэй спорт хэдий ч би орхиж чадахгүй гэдгээ л ойлгосон.

-Яагаад вэ. Айхгүй байна уу?

-Айхгүй байна. Бэртэх тохиолдол зөндөө гарч байсан. Тэр бүгдэд шантраад, айгаад байвал би мөрөөдлөө яаж биелүүлэх юм бэ.

-Ядаж зүрхшээж байгаагүй гэж үү?

-Ёстой тийм зүйл байгаагүй. Зөвхөн уралдана, түрүүлнэ л гэж боддог. Урьдны алдаагаа үргэлж бодоод, шаналаад байвал хэн ч амжилтад хүрэхгүй. Ирээдүйгээ л харж амьдрах хэрэгтэй.

-Байнга үсэрч, бууж явдаг шүү дээ. Дотор эрхтэн доргидог байх даа?

-Хааяа эвгүй буухаар мэдээж бие эвгүй болдог. Гэхдээ зүгээр дээ.

-Өвдгөндөө бэртэл авсан шүү дээ. Тийм хүнд бэртэл байсан уу?

-Хоёр шөрмөс тасарсан. Бас шилбэний яс цуурсан байсан. Тасарсан шөрмөстэй удаан явахаар яс цуурдаг юм билээ. Нэг шөрмөсийг нь залгасан. нөгөө нь донорын шөрмөс.

-Бэртлээ гүйцэд эдгээгүй байхад яагаад тэмцээнд ороод байдаг юм бэ?

-Би мотоцикль унаж давхихгүй л бол байж сууж чаддаггүй. Хөлөндөө бас мэс засал хийлгэсэн шүү дээ. Уг нь хагалгаанаас хойш жилийн дараа мотоцикль унаж болно гэсэн. Гэхдээ би зургаан сар л тэссэн. Энэ миний хувьд хамгийн удаан өнгөрсөн цаг хугацаа. Тэвчиж чадахгүй юм билээ.

-Мотоциклээ хэр удаж байж сольдог вэ. Хуучнаа хадгалдаг уу?

-Боломжоороо л солихыг хичээдэг. Аль гайгүй хүчин чадалтай мотоциклийг нь олж унахыг боддог. Тэгээд хуучнаа сэлбэж, энэ спортоор хичээллэдэг дүү нартаа өгөх ч юм уу эсвэл зарчихдаг.

-Монгол энэ спорт хэр хурдацтай хөгжиж байна. Чиний бодлоор?

-Намайг хичээллэж эхэлж байхад олон хүн хичээллэдэг байгаад хэсэг хугацаанд уналтад орсон. Тэр үед ганцаараа бэлтгэлээ хийгээд л. 2000 оноос өмнө хамт бэлтгэл хийх хүүхэд ч байгаагүй. Одоо бол тамирчдын чадвар, техник хэрэгслийн хүчин чадал сайжирснаас гадна олон хүн сонирхдог болсон. Тэгэхээр хөгжиж байгаа гэсэн үг шүү дээ.

-Мото спортод уралдааны зам чухал байх. Монголын зам гадаад улсуудын замд ялгаа байна уу?

-Манайд дутагдаад, хоцрогдоод байгаа зүйл байхгүй. Ер нь тамирчдад зам ямар байх нь чухал биш. Ямар ч зам байсан уралдах нь, түрүүлэх нь л гол байдаг.

-Гэрийнхэн чинь энэ спортоор хичээллэхээ боль гэхгүй байна уу?

-Аав маань намайг хүнд бэртэхэд энэ спортоо орхи гэж хааяа хэлдэг л дээ. Гэхдээ би дуртай болохоор яалтай ч билээ.

-Шавьтай болж байна уу?

-Үгүй ээ. Одоогоор байхгүй. Болох биз. Заримдаа хүүхдүүдэд тэгж, ингэж үсэр гэж зааж өгчихөөд үсрэнгүүт нь“Уначих вий дээ” гэж бодоод их хэцүү юм билээ. Тэгэхээр хүнд багшилна гэдэг тийм амар зүйл биш юм шиг санагддаг.

-Энэ спортоороо хэр удаан хичээллэх вэ. Биеийн тамирийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн гэсэн. Мэргэжлээрээ ажиллахгүй юм уу?

-Би том зорилгын төлөө урагшилж байгаа. Азийн аваргадаа дахин орж амжилтаа баталгаажуулна. Дэлхийн аваргын бүх раундад нь оролцоно гэж зорьж байна. Тэгэхээр цаг хугацаа надад чухал биш. Хэзээ нэг цагт мэргэжлээрээ ажиллана. Би үргэлж залуугаараа байхгүй шүү дээ.

-Тамирийн багш болохоор сагс, болейбол сайн тоглоно биз?

-Сүрхий хичээллэж явдаггүй. Тогловол тоглочихно. Тоглодоггүй хүнийг бодвол сайн шүү.

-Найз бүсгүй бий юу?

-Байхгүй ээ.

-Найз бүсгүйтэй болох нас болчихсон юм биш үү?

-Миний хувьд болоогүй байна. Яваандаа юу болохыг хэлж мэдэхгүй юм. Надад гадна үзэмж чухал биш. Хамгийн гол нь сэтгэл сайтай, эр хүнийг ойлгох чадвартай ухаалаг бүсгүйчүүд таалагддаг.

-Чиний хамгийн том мөрөөдлийг сонирхож болох уу?

-Дэлхийн өндөр чансаатай тэмцээнүүдэд орж байгаа Ази хүний дээд амжилтыг тогтоох. Энэ хамгийн том нь.

-Уралдааны замд явж байхдаа яг юуг бодож, мэдэрдэг вэ?

-Дөнгөж уралдаж эхэлж байхад харайх газар нь ямар өндөр юм бэ ч юм уу, тиймэрхүү зүйл боддог байсан бол тэрэндээ дасчихсан. Одоо урдах хүнээ гүйцэж түрүүлнэ дээ гэж л боддог болсон. Мэдээж уралдааны явцад ямар үед нь хурдаа нэмэх , сааруулах, үсрэхээ хүртэл дотроо тооцоолдог. Хэрвээ урагшаа нэлээд хол тасарсан тохиолдолдих давхиад байдаггүй. Арын хүнээ хараад бие болон техникээ гамнадаг. Ийм л тактиктай уралддаг хүн дээ.

-Хэн нэгэнд хандаж хэлэх үг байна уу?

-Мото спортыг ойлгодог, дэмждэг, үздэг дэмжигчиддээ баярлалаа. Мото спортоор хичээллэдэг хүүхдүүд олон болж Азидаа, дэлхийд тэргүүлээсэй гэж хүсэж байна. Мөн намайг дэмждэг “Алтай констракшн”-ны хамт олон, замын цагдаагийг газрын нийт бие бүрэлдэхүүнд маш их баярлаж явдаг шүү.

-Амжилт хүсье.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин