Хамтдаа байхдаа олуулаа юм

Төрийн гурван өндөрлөгөө хамтдаа байхыг нь харлаа. Тавантолгойн баялгийн үүцээ задлах шийдэл дээр тал тал тийшээ хараад суучихсан төрийн гурван өндөрлөг маань Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитэй хамт зургаа татуулжээ.
Энэ цаг үеийн улс төрийн лидерүүд болсон энэ гурван улстөрч бүгд АН-ынх. Хэдийгээр ерөнхийлөгч улс төрийн намын угшлаас татгалзсан боловч хаанаас нь ч харсан Ардчилсан намынх.
Нэг намын улстөрчид төрийн гурван өндөрлөгт байгаа явдал урд нь гарч байгаагүй. Тэр ч утгаараа улс орны өмнө тулгамдсан бүх л асуудлууд, алхмуудаа саадгүй явуулах тохироо бүрдлээ гэж сонгуулийн дараахан ард түмэн АН-д итгэл өгч байсан ч өнөөгийн байдалд улс төр гэдэг өөр болохыг тэд хангалттай харуулж байна.
Дангаараа бүх төрийн аппаратыг гартаа атгаад ч хоорондын тэмцэл, ашиг сонирхлын зөрчлөөс болоод ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж чаддаггүй, эдийн засгийн хямралаас гаргаж чадахгүй байна гэдэг дүнг тэдэнд тавиад байсан нь нууц биш.
Нийгэм даяараа л 2016 оны сонгуульд лав АН яавч ялж чадахгүй болсныг ярьж бичиж байна. Ингэтлээ нэр хүнд нь унасан болохыг Сант Маралын судалгаа ч харуулсан. Ийм хүнд цаг үед Модигийн айлчлал дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гурваа хамтад нь харах монголчуудад, Ардчилсан намын гишүүдэд аятайхан байсан нь дамжиггүй.
Ямар ч утгаараа мега төслүүдээ хөдөлгөх ёстой гэдэг дээр Ч.Сайханбилэгийг ерөнхийлөгч дэмжсээр байгаа, үүн дээр нь Их хурлын дарга үнэн хэрэгтээ хориг тавьчихаад байгаа нь улс төр жаахан ч гадарлах нэгэнд илхэн байгаа.
Тэгвэл сүүлийн үед ойлголцож чадахгүй байсан талууд үг хэлээ тохируулж, санаа сэдлээ тааруулсан тул Тавантолгойн гэрээний төсөл гацаанаас гарч хөдөлж магадгүй гэсэн мэдээлэл үе үе чих дэлсэх болсон.
Үнэхээр нийгэмд тархаад байгаа Ардчилсан намд үл итгэх олон түмний байдалд эмзэглэж намынхаа ирээдүйг бодов уу, улс орноо бодов уу аль нь ч байсан Оюутолгойг лав саадгүй урагшлуулж, Тавантолгойг зөвшилцөж хөдөлгөхөөр болсон нь эх сурвалжуудын мэдээллээс соносоход ч үнэн болтой.
Хэдийгээр гадаадын удирдагчдын айлчлалд төрийн томчууд бүгд байлцдаг ч төрийн гурван өндөрлөг хамтдаа нэг дор гэрэл зургаа татуулах завшаан тэр бүр таардаггүй. Тиймээс ядаж л тэднийг хамтдаа нэгэн зүгт үзэл бодлоо чиглүүлж Тавантолгой, Оюутолгойгоо хөдөлгөхөөр болсон бэлгэ дэмбэрэл энэ гэрэл зурагт шингэсэн гэж найдая.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ