О.Баасанхүү гишүүн Оюутолгойн гэрээг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг яарч хэлэлцэх хэрэг байна уу гэхийн сацуу Оюутолгойн гэрээ болон Ерөнхий сайдтай холбогдолтойгоор үзэл бодлоо илэрхийлээд амжив.

Тэрээр "Ерөнхий сайд Катарт очиж (эрхэм гишүүн Арабын Нэгдсэн Эмиратийн Дубай хотыг Катар улсын хэмээн андуурав) гэрээ хийдэг нь яаж байгаа юм. ҮАБЗ-дөө мэдэгдэлгүйгээр явлаа" гэх мэтчилэн Оюутолгойн гэрээний эсрэг байгаагаа илэрхийлэв. Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй улстөрчид Оюутолгойн гэрээтэй холбогдолтойгоор хэвлэлийн хурал хийж Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг цуглуулах тухайгаа зарласан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд Г.Уянгаас ч өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар ч үзэл бодолдоо үнэнч байгаагаа давхар батлав.

Энэ тухайгаа О.Баасанхүү гишүүн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийн үеэр дахин дахин илэрхийлж байлаа.

Дашрамд дурдахад Ерөнхий сайдын айлчлалын үеэр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо “Оюутолгой” ордыг өргөтгөх хэлэлцээрт Монголын албаны хүмүүс болон “Рио Тинто”-гийн төлөөлөгчид тавдугаар сарын 18-нд гарын үсэг зурснаар олон нийт талархан хүлээж аваад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ