Шударга ёс эвсэл Засгийг унагана

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас гарна гэсэн мэдээлэл Төрийн ордноос олон нийтэд түгж эхэллээ.

Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс бүлгийн хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна” гэж байсны дагуу ийнхүү Ерөнхий сайд мэдээлэл хийжээ.

Энэ үеэр Ч.Сайханбилэг "Шударга ёс" эвслийнхэнд нэлээн боорлуулсан сурагтай. Түүнийг огцруулна, Засгийн газрыг унагана хэмээн эвслийн бүлгийнхэн Ерөнхий сайд руу нэлээн дайрч давшилсан гэнэ.

Ингээд эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ эрчиндээ тус бүлэг Шийдлийн засгийн газрыг унагах, Засгаас гарах асуудлыг ярилцаж эхэлжээ.

МАХН-ынхан Солонгост байгаа Н.Энхбаяр даргатайгаа энэ талаар нухацтай зөвшилцөхөөр болж танхимаас гарсан бол эвслээс энэ засагт багтаж байгаа Монгол улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар энэ сэдвээр дуугүйхэн байгаа аж.

Г.Шийлэгдамба сайд бүлгээс гаргасан шийдвэрийг дагана хэмээн дуугүйхэн байгаа бол М.Энхсайханы хувьд ямар ч чимээ өгөөгүй гэнэ.

Тэрээр Тавантолгойн гэрээний гол автор тул Засгаас гарахгүй үлдэх магадлал өндөр. Тиймээс МҮАН М.Энхсайханыхаа шийдвэрээр эвслээс гарвал "Шударга ёс" эвсэл Засгийн газраасаа түрүүлээд байхгүй болох магадлал өндөр болно. Тиймээс Засгийн газрыг огцруулах, засгаас гарах асуудал эргээд бүлгийн толгой дээр чулуу болж ирэх магадлалтайг анхааруулах гишүүд ч байна гэх.

Харин ерөнхий сайдыг огцруулахаар шийдвэртэй зүтгэж эхэлсэн Г.Уянга, Л.Цог нарын хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаа мэдэгдэж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэд бүлгийнх нь шийдвэр яаж ч гарсан бие даагчидтай нийлж тэмцлээ үргэлжлүүлэх бололтой.

Нөхцөл байдал ийм болж байгаа үед Тавантолгойн асуудал шийдэгдэх нь бүү хэл эхлээд Засгаа унагах уу байх уу гэдэг дээрээ хаврын чуулган ажиллах болох нь. Харин МАН-ын зүгээс ямар байр суурин дээр зогсох нь одоогоор тодорхойгүй байна.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ