Д.Сумьяабазар Дагваа аваргын эсрэг ажиллаж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар гэр хорооллын 24 байршилд явагдаж байгаа дахин төлөвлөлтийн ажил иргэн, аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэж байгаа тухай, хүний эрх, өмчид шууд халдаж байгаа тухай, гадны хөрөнгө оруулалтаар дахин төлөвлөлтийг хийх гэлээ, Э.Бат-Үүл даргыг Бээжинд очиж энэ асуудлаар ярилаа, Улаанбаатартаа л ярих байсан юм хэмээн хэд хоногийн өмнө мэдээлэл хийсэн.

Түүнийхээр Москва хотын мэр Сергей Собянин, Нью-Йоркийн мэр Билл де Блазио нар өөр улсад очиж хөрөнгө оруулалтын асуудал ярьж болохгүй бололтой.

Гишүүний дүү мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадоржийг дэлхийн хүн, гадны хөрөнгийг Монголдоо нутагшуулах талаар гайхалтай ажилладаг гэдгийг бодоод үзвэл гайхмаар л санагдах. Хар залуугийн л гадны хөрөнгө оруулалтыг татаж үзсэн, одоо ч энэ талаар ажиллаж Монголдоо бизнесээ эрхэлж яваа нэгэн.

Гэтэл ах нь дүүгийнхээ үзэл баримтлалын яг эсрэг ажиллаж гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж байна гэхээр гайхалтай. Түүнийхээр бол японы мөнгө, хятадын мөнгө, оросын мөнгө гэж тусад нь ялгаж салгаж үзэх хэрэгтэй бололтой дог.

Үүнийг ёстой л сонгууль дөхөөд элдвийн л юм өрнөж эхэллээ гэдэг үгээр тайлбарламаар. Монголчууд сонгуулийн өмнө хэсэг хугацаанд энгийн биш, элдвийн амьдралаар, худал үнэний дэнсийг төөрүүлсэн улстөрчдийн үгэн дунд бэдэрч явдаг.

Тэрээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. Одоо дахин Сонгинохайрхандаа үзэх санаатай. Ингээд өрсөлдөгчөө судаллаа.

Саараар ч, сайнаар ч дуудуулсан өнгөрсөн хугацаанд олон зоригтой шинэчлэл явуулсан, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа Э.Бат-Үүлийн команд нийслэлд рейтинг өндөртэй. Тиймээс үлдсэн хугацаанд Э.Бат-Үүл болон түүний цэргүүдийн хийж бүтээснийг муучлан ард иргэдийн төлөө дуугарсан, тэмцсэн байдалтай үлдсэн хугацааг өнгөрүүлбэл дахин сонгогдох магадлал өндөр хэмээн тэрээр үзсэн бололтой.

Ингээд нийслэл рүү, Э.Бат-Үүлийн ажил руу дайрч эхлэв. Нийслэлийн баруун дүүрэгт, хүн ам олноор шигүү суурьшсан, гэр хороолол ихтэй тул нийслэлийн зүгээс хийж буй хамгийн том бүтээн байгуулалт болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил иргэдийн талархлыг ихэд хүлээж байгаа нь үнэн. Д.Сумьяабазарт "шавар хаах" дахин төлөвлөлтийг ямар ч хамаагүй аргаар зогсоохоор тэрээр өөрийн биеэр хурал зарлаж сэтгүүлчдийн өмнө сүрийг үзүүллээ.

Түүнийхээр бол гэр хорооллын 24 байршилд явагдаж байгаа дахин төлөвлөлтийн ажил иргэн, аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэж хүний эрх, өмчид шууд халдаж байгаа гэнэ. Бас Бээжин хотоос хөрөнгө оруулалт авчрах хэрэггүй гэнэ. Хятадын зээл тусламжаар гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг хөдөлгөж болохгүй юм байх. Ийм л хямдхан үндэслэлүүдээр тэрээр сүүлийн 30-аад жилийн турш нийслэлийн гол асуудал болж хувирч байгаа гэр хорооллын хувь заяаг гэгээлгээр шийдэх зоригтой бөгөөд асар том ажлыг зогсоох гэж үзэж байна.

Олон хүн Д.Сумьяабазарыг сонговол нүүрсний үнс нурам, хог шороо, шавар шалбаагандаа хутгалдсан харанхуй гэр хороололтойгоо үлдэх нь гэсэн айдас төрж эхлэхийг гишүүн тооцоолоогүй бололтой.

Москва хотын тохижилтод Олон улсын хөрөнгө оруулалтын сангаар дамжаад Америкчуудын мөнгө орж л байдаг, ер нь гадны хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх асуудал нь сүүлийн хоёр зуун жилийн турш хүн төрөлхтөний дунд тогтсон энгийн жишиг болж хувираад байгаа асуудал юм. Нью-Йоркийн мэр Москвад, Бээжинд очиж ажил ярьдаг, Москвагийн мэр өнөөх хэвлэлээр үзэн ядагдаад байдаг өрнөдийн хотууд руу очиж хөрөнгө оруулалт босгож л байдгийг бодвол харин ч гишүүний ярьсан зүйл болхи мэт.

Тэрбээр “Энэ журам хүний эрхийг, Үндсэн хуулийг зөрчсөн нь ойлгомжтой. ХЭҮК, Олон улсын Эмнести интернэшнл байгууллагаас хууль зөрчсөн гэдгийг нь тогтоосон. Хууль зөрчөөгүй биш, анхнаасаа хууль зөрчөөд явж байгаа асуудал. УИХ Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлд онцгой анхаарах ёстой. Үндсэн хуулиа зөрчөөд хууль баталчихвал эргээд Үндсэн хуулийн цэц дээр унах нь ойлгомжтой.

НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч нар, дахин төлөвлөлтөд оролцож байгаа аж ахуй нэгжүүд Бээжин хотод хөрөнгө босгох, дахин төлөвлөлтийг түргэтгэх асуудлаар тэндхийн хөрөнгө оруулагчидтай уулзсан. Монгол Улс бүрэн эрхт улс. Улаанбаатар хотын асуудлыг эндээ шийдэх ёстой. Засгийн газартай баталгаа гаргах асуудлаар хүсэлт тавиад уялдаа холбоогоо нэгтгээд УИХ-аараа дэмжлэг авч асуудлаа шийдэх учиртай” хэмээн ярьж явна.

Дээр дурдсанчлан сонгууль дөхөөд аль нэг нам хүчний хийж бүтээсэн, босгосон, босгож байгаа зүйлсийг өрсөлдөгч нь буруушааж, харлуулах гэж үздэг бараан үзэгдэл Монголын нийгэмд газар авч байгаагийн өчүүхэн нэг жишээг дурдахад л энэ.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ