Их залуурдагч ба Популист эвсэл

Засаг унагадаг, самардаг "гарууд" дахиад л Монголын төрийг маажиж эхэлжээ. Популистууд гэж олноо алдаршсан хэсэг улстөрчид байнаа, Монголд. Тэгвэл энэ удаа зөвхөн тэд бус бүхэл бүтэн парламент дахь эвслийн бүлэг популист болон хувирлаа. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас гарч, Ч.Сайханбилэгийг онхолдуулснаар сонгуулийн өмнөх жилд АН-ын дотоод хагарал, тэмцлийг улам гүнзгийрүүлж, өөрсдийн рейтингээ дээшлүүлэх тактиктай. Мэдээж хэрэг “Шударга ёс” эвслийн бүлгийн жанжин шугамыг Өмнөд Солонгосоос залуурдаж байгаа.
Оюутолгой хөдөллөө, эдийн засгийн хямралд дарлуулж элгээрээ хэвтсэн олон нийт ч үүнийг талархан хүлээж авсан нь популистуудын хорыг малтаж, шарыг гозойлгох нь гарцаагүй. Эрх баригчдын рейтинг өндийж эхлэх вий гэсэн болгоомжлол сөрөг хүчнийхэнд гарч ирсэн тул эвслээрээ популист алхам хийхээс өөр аргагүй. Хамгийн гол нь тэдэнд эдийн засгийн хямралаас гарна уу байна уу, Монголын ард түмэн байдгаа барж мөнгө хүүлэгчдийн халаасанд орж өдөр хоногийг өнгөрөөх вэ зэрэг огт хамаагүй нь аймшигтай.
Харин ч иргэдийн амьдрал улам бүр хэцүүдэж л байвал эрх баригчдыг үзэн ядах байдал газар авч популистуудын рейтинг нэмэгдэх тул улс орон ийм байсан нь тэдэнд илүү ашигтай. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийхдээ "Шударга ёс" эвслийнхэнд амьдаараа идүүлэх шахсан гэнэ. Тэр эрчиндээ "Шударга ёс" эвслийнхэн Засгийн газрыг огцруулая, унагая, засгаас гарая гэдэг дээр санал нэгдсэн гэнэ. Гэхдээ "Шударга ёс" эвслээс энэ засагт багтаж байгаа Монгол улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар энэ талаар дуугүйхэн байгааг мартаж болохгүй.
Г.Шийлэгдамба сайд бүлгээс гаргасан шийдвэрийг дагана хэмээн дуугүйхэн байгаа бол М.Энхсайханы хувьд ямар ч чимээ өгөөгүй гэнэ.
Тэрээр Тавантолгойн гэрээний гол автор тул Засгаас гарахгүй үлдэх магадлал өндөр. Тиймээс МҮАН М.Энхсайханыхаа шийдвэрээр эвслээс гарвал "Шударга ёс" эвсэл Засгийн газраасаа түрүүлээд байхгүй болох магадлал өндөр болно. Тиймээс Засгийн газрыг огцруулах, засгаас гарах асуудал эргээд бүлгийн толгой дээр чулуу болж ирэх магадлалтайг анхааруулах гишүүд ч байна гэх.
Гэсэн ч Өмнөд Солонгосоос "их залуурдагч" нэг л шийдсэн бол эвслийнхэн яаж ч үл чадна. М.Энхсайхан эвслээс гарч МАХН шалднаараа парламентад үлдэнэ үү байна уу хамаагүй. Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээ хийж ирэхдээ кабинетийнх нь хойдохыг уншчихаад явсан "залуурдагч" Ч.Сайханбилэгийн өсөж яваа рейтингтэй засгийг унагаая л гэсэн бол унагаж таарна. Энхсайхан явна л биз, Шийлэг, Цолмон хоёр сайдын суудалгүй үлдэнэ л биз, намынх нь рейтинг өсөж л байвал бусад нь хамаагүй.
Н.Энхбаяр Тавантолгойн талаар худлаа ярьсан гэдгийг "багтай хүн" нийгэмд илчилсэн. Тэгэхээр Оюутолгойг хөдөлгөж чадсан Ч.Сайханбилэг Тавантолгойг ч бас намын нөхөдтэйгөө зөвшилцөж тохиролцоод хөдөлгөх магадлалтай болж эхэлсэн, олон нийтийн хүлээлт ч ихээр нэмэгдсэн тул Н.Энхбаяр засаг унагах "хялбар арга"-аараа энэ явдалд цэг тавихаар шийдсэн ч байж мэдэх.
"Их залуурдагч"-ийн популистууд эцэст нь түүнийхээ улс төрийн тоглоомын хүүхэлдэй болж үлддэг гашуун түүхийг үүлэн чөлөөний нар мэт сайдын суудал, гишүүний сэтэртэй мөрөөдөлдөө сэрүүн зүүдэлсэн улстөрчид таг мартдаг үлгэр энэ.
Х.Цахилгаан

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ