Хүүхдийн эцэг эдийн засгийн хариуцлага хүлээнэ

Хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа энэ үед УИХ-ын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай хүүхдийн эрхийн асуудлаар товч ярилцлаа.

- Хүүхдийн эцэг, эх хамт амьдардаггүй гэдгээр нийгмийн бүх хариуцлагаас чөлөөлөгддөг, эсвэл хариуцлага хүлээдэггүй байдал хавтгай байна. Хүүхдээ ганцаараа өсгөж, бүх ачааг өөр дээрээ үүрч яваа ээжүүд улам л олширсоор. Эцгүүдийн хуулиар хүлээх хариуцлагыг яаж нэмэгдүүлэх вэ?

- Ямар нэгэн байдлаар эр эмийн харилцаанд орж үр хүүхэдтэй болсон байхад эцэг нь материаллаг хариуцлагыг заавал хүлээдэг байх ёстой. Нэг удаагийн тохиолдлоос хүүхэдтэй болсон байна уу, зугаа цэнгэлээс хүүхэдтэй болсон байна уу хамаагүй хуулийн хариуцлагаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй. Тэр байтугай насанд хүрээгүй хүүхэд байсан ч нэгэнт эцэг болж байгаа бол хуульзүйн үр дагаврыг тухайн хүүхдийн эцэг эх хүлээх ёстой. Тухайн хүн сайн дураараа ажил хөдөлмөр эрхэлж, материаллаг хариуцлагыг биелүүлэхгүй бол хууль түүнийг албадан хөдөлмөр хийлгэх, хүүхдийн тэтгэмж гаргаж өгөх асуудлыг шийдэх ёстой. Нөгөө талаас, хүүхдийг дэмий сэлгүүцэх, гэр орноосоо дайжих байдалд хүргэсэн гэм буруутнууд, хүүхдийг анхаарал халамжгүй орхиж байгаа эцэг эхийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээс өгсүүлээд зайлшгүй хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой.

- Энд тэндээс нярай хүүхэд олдлоо гэсэн сэртхийм мэдээ олон сонсох юм. Эцэг эхэд нь хариуцлага хүлээлгэдэг л байх даа?

- Гандангийн хүрдний орчим хүүхдээ хаясан тохиолдол гарсныг та бүхэн санаж байгаа байх. Хүний эрхийн байгууллагууд хөөцөлдөж, эцэг эхийг нь тогтооход, хоёулаа оюутан, ямар ч орлогогүй, хүүхэд нь саажилттай байсан. Эцэг нь зугтаад сураггүй хаяад алга болсон, оюутан охины ээж нь нас барж мөнгө, юу ч үгүй учраас эх нь хэн нэг нь авна байх гээд Ганданд хүүхдээ орхисон байдаг. Ийм асуудлаар ял авсан хүн өнөөдөр Эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа шүү дээ. Нөгөө эрэгтэй хаачив, шүүх цагдаа огт сураглаагүй байдаг. Тэгэхээр хамтран амьдрагч эрэгтэй хүн, хүүхдийн эцэг заавал материаллаг буюу эдийн засгийн хариуцлага хүлээх ёстой, татгалзах юм бол хуулийн хариуцлага хүлээдэг, шоронд ордог л хууль хийх болно. Ингэж хүүхдийн эрх хамгаална.

- Хойд эцэг нь хүүхдээ хөнөөлөө, эх нь хүүхдээ хаялаа,хүүхэд автомашины осолд орлоо, мориноос уналаа гээд нийгэм бужигнадаг. Хүүхдүүдээ төр нь чухам яаж хамгаалах вэ?

-Энэ бол ганц хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ч биш байнга ярих ёстой сэдэв юм. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хууль гарч байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэлэлцэгдэж байна. Мөн гэр бүлийн тухай хууль батлагдаж орж ирнэ. Энэ хуулиудад монгол хүүхдийн эрхийг хамгаалах талаар сайн заалтууд орсон.

Гэхдээ улам боловсронгуй, улам сайн хийх шаардлага бий. Ер нь хүний эрх, тэр дотроо хүүхдийн эрх өргөн хэмжээнд зөрчигдөж байгаа нь нийгмийн бусармаг явдал, хариуцлагагүй замбараагүй байдал, төр засгийн удирдлагын үйл ажиллагааны хайнга, хариуцлагагүй байдлын илрэл юм. Хууль хяналтын байгууллагуудын хайнга байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа байхгүй, эцэг эхчүүдийн хариуцлагын алдаа, дээр нь хүүхэд хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хүний төлөө ажилладаг байгууллагуудын ажиллагаанд багагүй алдаа доголдол гарч байгаагийн үр дагавар юм, үүнд бид дүгнэлт хийх ёстой.

Аль болох сөрөг хандлагуудыг хаасан хуулийг гаргая гэж бид үзэж байгаа. Ялангуяа хэд хэдэн хуулийн төсөлд хүүхдийн эрхийн асуудлыг онцгой анхаарах ёстой. Нэгдүгээрт, гэр бүлийн дотор байгаа хүчирхийллийг таслан зогсоох ёстой. Гэр бүл бол нийгмийн нэг орчин, амьдралаас салчихсан, тусгаарлагдсан зүйл биш.

Тиймээс гэр бүлийн эрхзүйн зохицуулалтыг хийж,тэгш шударга харилцаатай, харилцан үүрэг хүлээсэн байх, ялангуяа Монголын ирээдүй болсон хүүхдүүд хүмүүжиж боловсорч байгаа учраас тэнд тавих анхаарлыг дээд зэрэгт хүргэх хэрэгтэй. Цалин мөнгө хүрэлцэхгүй, ажилгүй, орлогогүй, түүнчлэн өрх толгойлсон эхчүүд олон байгаа учраас энэ талын асуудлуудыг маш сайн анхаарах ёстой.

Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуульд эр эмийн харилцаа, хуулийн сургалт явуулж байя, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж соёл, спорт, урлагийн болон бусад байгууллагуудыг үүрэгжүүлэх ёстой. Мөн засаг захиргааны байгууллагууд үүрэг хүлээнэ. Энэ эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох, хүүхэд гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгт уруу татагдах, цаашид элдэв осол аваарт орох байдлыг бий болгож байгаа бүх чиглэлд хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.

Тухайлбал, бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг таслан зогсоомоор байна. Гэтэл насанд хүрэгчдийн тэмээний уралдаан, тэмээн полог төр огт дэмждэггүй. Тэгвэл уяачид, хурдан мориныхон хүүхдийн амь насаар наадаж байна. Тэр хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох ёстой. Баян тарганаа гайхуулах гэж хүүхдийн амь насаар нааддаг, хурдан морины уралдааны асуудлыг даруй зохицуулах ёстой.

O.Гал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ