Тавантолгойн гэрээ олон хууль, тогтоомж зөрчсөн гэв

Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх Ажлын хэсгийн хуралдаан хаалттай болж өндөрлөлөө. Хуралдааны дараа Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас албан бичгийнхээ хариуг авсан. Мөн 3000 гаруй хуудастай материалд дэд ажлын хэсэг ажиллаад 50 гаруй хуудастай дүгнэлт бэлэн болгоод байгаа аж. Гэвч дүгнэлт гаргахад тодорхой бичиг баримтууд дутуу байгаа юм байна. Тухайлбал, Засгийн газар Тавантолгойн гэрээний англи хэл дээрх хувилбарыг одоо болтол өгөөгүй байна. Асуудал гарвал англи хэл дээрх эх хувилбараар Лондонгийн арбитрийн шүүх дээр очих учраас тэд ийнхүү нэхээд байгаа хэмээн тайлбарлалаа. Мөн тэдэнд 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолыг батлах проткол хэрэгтэй гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн хэлэхдээ, "Уг тогтоолоор Тавантолгойн орд газрыг шалгаруулах тендерийндолоон зүйлтэй шалгуур бий. Хэд, хэдэн зүйлд нэг компанийг шалгаруулах зорилгоор өөрчлөлт хийгдсэн гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Тиймээс уг протколыг авч үзэж байж Засгийн газрын аль гишүүнээс ямар санал гаргасныг мэдэх шаардлагатай байна." гэлээ.

Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн бие даасан мэргэжилтнүүдийг ажиллуулж дүгнэлт ирүүлэхийг хүссэн. Энэхүү дүгнэлт ч мөн ирээгүй аж.

Тавантолгойн ажлын хэсгээс гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн, мөн дүгнэлт гаргахад шаардлагатай материалуудыг Засгийн газрын зүгээс ажлын хэсэгт өгөхгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Ажлын хэсэг Олон нийтийн анхаарлыг татаж байгаа иргэн бүрт олгох 1072 ширхэг хувьцааны асуудлаар дүгнэлт гаргажээ. Тавантолгойд нийт 15 тэрбум хувьцаа гаргасан байдаг. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болох юм. 2.1 сая иргэн болон аж ахуйн нэгжийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж буй аж. Тиймээс Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшиж байгаа хувьцааг хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийн эрхийн асуудал боловч цаашид хэн нэгэнд дамжуулан ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрөл авах ёстой гэж ажлын хэсэг үзсэн байна.

51 хувийг “Эрдэнэс тавантолгой” өөрөө эзэмшихээр дахин тендер зарлахаар болсон талаар дараах тайлбарыг өглөө. Тэрээр Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа эзэмших шаардлага байхгүй. Эрдэнэс тавантолгой” болон “Энержи ресурс” компани орох, орохгүй тухай асуудал биш.

2010 онд шалгарсан зургаан компанидаа дахин хүсэлт тавиад тендерийг мөн дахин зарлах боломжтой байх гэж бодож байна. Тус зургаан компаниасаа хамгийн эхэлж замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулъя. Тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

Энэ дүгнэлтийг гаргаснаар олборлогч компанийн шалгаруултад “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох бүрэн боломжтой. Тавантолгойг хөдөлгөх дараагийн ажил энэ юм. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр замыг барих 3.1 тэрбум ам.доллар, урагшаа чиглэлийн 268 км төмөр замыг барих нэг тэрбум ам.доллар гээд нийтдээ 4.5 тэрбум ам.долларыг төмөр замд гаргаж чадах тэр компани л Тавантолгойн олборлолтын ажилд оролцох нь зүйтэй юм байна гэж харж байгаа" хэмээв.

Хэрвээ Засгийн газар Ажлын хэсгийнхний дүгнэлттэй санал нийлвэл Тавантолгойн гэрээний төслийг буцаах бололтой. Мөн тэрээр цааш ярихдаа "УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болох дүгнэлтийг гаргаж болно. Яагаад гэвэл, маш олон хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Засгийн газрын тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүд зэрэг 2010 оноос хойш гарсан олон хууль тогтоомжийг зөрчсөн гэрээний төсөл байгаа учраас аливаа хууль, тогтоомжийг зөрчсөн гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй. Тиймээс Засгийн газар энэхүү гэрээг буцааж татаад хууль тогтоомждоо нийцүүлж оруулж ирэх байх гэж харж байна. Мөн ажлын хэсгээс тогтоолын төслийг бэлтгэж УИХ-д оруулахаар бэлтгэж байна" гэсэн юм.

Тавантолгойн ажлын хэсэг албан ёсоор 3 хоногийн дараа дүгнэлтээ УИХ-ын даргад өгөх юм байна. Ингэхдээ Засгийн газрын зүгээс тэдэнд шаардлагатай материалыг нь өгвөл дүгнэлтийг хугацаандаа гаргана гэдгийг онцолж байлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ