Н.Номтойбаяр Ж.Оджаргалаас баян болно

“Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэж, улмаар төрийн мэдлээс гаргаж, МАК компанийн 100 хувийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойнараас эрэмбэлэгдэх энэ том ордыг төрийн хяналтаас гаргасан гэж хэлж болно. Бүр нарийн хэлбэл, “Цагаан суварга”-ын орд ард түмний мэдлээс гарч, Н.Нямтайшир, Н.Номтойбаяр нарын хувийн өмч болсон гэсэн үг юм.

Энэ явдлыг хууль зөрчсөн үйлдэл боллоо хэмээж Үндсэн хуулийн цэцээр оруулсан боловч УИХ-ын энэ шийдвэрийг хэлэлцэж үзээд хууль зөрчсөн зүйл алга байна гэсэн шийдвэр гаргасан юм. Нэг ёсондоо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг та нар л Н.Номтойбаярын мөнгөнд хууртаж саналаа өгсөн, кноп дарсан хэмээн иргэд, парламентын гишүүдэд сануулсан хариултыг цэцээс өгсөн гэсэн үг.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хурлаар “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоолыг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан юм.

1.2 тэрбум доллараар босч байгаа Цагаан суваргаын зэс-молибдений баяжуулах үйлдвэр нь ирэх 2016 онд ашиглалтад орно. Энэ үйлдвэр 1950-иад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордын нэг юм. 240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй энэ орд Оюутолгойгоос 27.8, Эрдэнэтээс 7 дахин жижиг ч зэсийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 16.9 сая тонн хүдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени үйлдвэрлэнэ хэмээн тооцоолоод байгаа аж.

Угтаа бол “Цагаан суварга”-ын орд нь стратегийн орд учраас төрийн оролцоо шаардлагатай. Тиймээс тус ордын эзэмшлийн асуудлыг тойрсон маргаан идэвхтэй өрнөсөн. Гэвч УИХ-аар тус ордыг “МАК”-ын мэдэлд өгч, Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрийг баталгаажууллаа. Гэвч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэх гишүүд цөөнгүй байлаа.

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Цагаан суваргын стратегийн ордоос Монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэх ёстой. Бид ард түмэндээ шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд. Тиймээс маш сайн жишиг болох гэрээ байгуулбал дараагийн ордыг зөв ашиглахад тустай. Монголын төрийг басамжилсан өнгө аястай хачирхалтай төсөл оруулж ирсэн. Манай бүлгийнхэн энэ төслийг Ашигт малтмалын тухай хуулийг баталсны дараа бодлогын хувьд уялдуулан хэлэлцэхнь зүйтэй гэж үзэж байр сууриа нэгтгэсэн. Номтойбаяр аа, миний дүү Цагаан суваргын ордын баялгийг чи ганцаараа, аавтайгаа идээд ч барахгүй” гэж хэлж эсэргүүцэж байв.

Үүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дэмжиж “Стратегийн ач холбогдол бүхий ордыг УИХ-аар шийдвэр гаргуулж, Үндсэн хуулийн цэц дээр очиход унахааргүйгээр бүхий л нөхцөл, боломжийг бүрдүүлж байна. Үнэхээр харамсалтай байна гэж хэлэхээс аргагүй. “Цагаан суварга”-ын орд маш их нөөцтэй. Улсын нөөцөд бүртгэж авснаар 250.4 сая тонн хүдэр, 1.6 сая тонн зэс, 66.1 тонн молибден, 11.2 тонн алт гэх мэт ийм их нөөцтэй ордыг сул өгчихөж байна. Үүний араас Гацуурт буюу “Ноён” уулын орд хүлээгдэж байна. Стратегийн ач холбогдол бүхий ордод аваад эргүүлээд хувьд шилжүүлж байна. Ийм байж болохгүй” гэсэн.

Үнэхээр лстратегийн ач холбогдолтой хэмээн улс бүртгэж авчихаад дараа нь бүхий л нөхцөл, шаардлагыг бүрдүүлж байгаад л хувийн компанийн мэдэлд шилжүүлж, үүнийгээ үндсэн хуулийн цэцээр баталгаажуулж байгаа нь хуулийн хүрээнд хийгдэж буй хулгай гэж харахаас аргагүйд хүргэж байна.

Ямартай ч ирэх хоёр жилийн дотор МАК компани болон ноён Н.Нямтайшир, гишүүн Н.Номтойбаяр нарын хөрөнгө урдаа яваа Гацууртын Л.Чинбат болон MCS-ийн Ж.Оджаргалыг нарыг хөнгөхөн гүйцэж түрүүлнэ хэмээн учрыг мэдэх хүмүүс ярьж эхэлжээ. Лав Н.Номтойбаяр гишүүний хувьд хөрөнгө зоориороо улсдаа тэргүүлээд зогсохгүй түүний хур их мөнгөнөөс нь нүүр буруулах чадалгүй МАН-ын өмнөөс дахин Их хуралд орох нь баттай болсон бололтой.

MCS-ийн Ж.Оджаргалыг нөгөө л Х.Баттулгатайгаа Тавантолгой тойрон маргалдаж байх зуур ийнхүү нэгэн "номтой" хүү өрсөөд даам гарч орхилоо.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ