МАН сонгуулийн сурталчилгаандаа орчихжээ

Ардчилсан нам эв эеэ гээж бишгүй л нэг мундраа хутгаж байх хойгуур Ардын нам хэдийнэ сонгуулийн ажилдаа орчихжээ. Э.Бат-Үүл даргын буянаар нийслэлд хүчтэй байгаа АН-ын рейтингийг унагах зорилгоор Д.Сумьяабазар тэргүүтэй гишүүд "хот" руу дайраад эхэлсэн. Хөдөөд ч МАН-ын олон залуучууд тархи угаах ажилдаа ээлж дараалан гарсаар байгаа сурагтай.
Удахгүй хаврын чуулган завсарламагц гишүүд нь баахан бөхчүүд, уяачид дагуулж аваад л залуусынхаа араас давхиж өгөх болтой. Түүндээ ч бэлтгэлээ хангаж амралтын өдрүүдээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь Төв аймагт очиж, Су.Батболдын адуу малтай “ноцолдож” салхилдаг болсон гэх.
Нэг талдаа ирэх сонгуульд ямар нэг аргаар заавал ялах ёстой, үгүй бол улс төрийн тавцангаас үүрд хасагдах магадлалтай гэсэн үүрэг хариуцлага, нөгөөтэйгүүр рейтингээ навс унагасан Ардчилсан намыг хараад "Бид ялав"гэсэн медаль гаргах шахаж байгаа гишүүдийнхээ сэтгэлийн хөөрөл гэсэн хоёр зүйл МАН-ын удирдлагуудыг зовоож байх шиг.
Үнэхээр ялах нь тодорхой боллоо гээд эртнээс баяраа тэмдэглэж эхэлсэний гор гарч магтсан хүүхэн хуримандаа унгадгийн үлгэр болох вий гэж дарга нар нь болгоомжлох нь зүйн хэрэг. Харин хөөргөн залуус нь үүнийг нэг л тогтож ойлгохгүй байгаа бололтой.
За тэр ч яахав, Ардын нам сонгуулийн сурталчилгаандаа орсныг нэг юмаар батлаадхая. МАН ирэх жилийн УИХ-ын сонгуулиа “Ардчилал”-аар чимж пиардахаар шийдэв бололтой, баримтат кино хийлгэж эхэлсэн аж. Одоогийн Э.Бат-Үүл тэргүүтний үе чацуутнууд болсон МАН-ын томчууд 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үеэр залуу зандан явсан нь тодорхой. Учиргүй Ардчилсан холбооныхонтой нийлж жагсаагүй ч тэр үед залуу хүний итгэл үнэмшлээр ардчиллаа дэмжиж явсныг нь үгүйсгэх аргагүй. Тиймээс Ардчилсан хувьсгал ганц Ардчилсан намынханд хамаатай юм биш, одоогийн МАН буюу тэр үеийн МАХН-ынханы мэргэн ухаанаар бий болсон зүйл гэсэн утга агуулгатай баримтат кино бүтээж байгаа аж.
Жил бүр Ардчилсан намынхан Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэж, идэр есийн хүйтнээр хэрхэн ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Улстөрийн товчооныхонтой нүүр тулж байснаа дурсдаг. Амаргүй хүнд үеийн ард ухаан зарж гарсныг түүхэн үйл явдал гэрчилдэг.
Харин МАН-ынхан тэр түүхэн гавьяанаас хуваалцахгүй бол бүдэгрээд, жижигрээд байгаа бололтойдог. Ингээд баримтат киноныхоо нэг хэсэг болгон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь сайд нарынхаа хамтаар Чингисийн талбайд цуглан тагтаа нисгэсэнийгээ сонгуулийн сурталчилгааны шторкондоо давхар ашиглах болсон гэнэ шүү.
Гэтэл нөгөө өөнтөгч жиргээчид тэднийг хармагцаа л "Одоо эд нар өөрсдийгөө юу гэж бодоо вэ, Ардчилсан намынхан муу байж болно гэхдээ тэд лав энхийн цагаан тагтаа биш гэх буюу нэртэйгээр далавч зүүчихгүй дээ, тэдний гараас ниссэн тагтаа хар хэрээ болж хувирах байх даа, мянга тагтаа нисгээд та нарын идсэн уусныг ард түмэн мартахгүй, нэртэйгээр нь С.Баярыгаа дундаа хийгээд тагтаа нисгэхгүй яагаав гэхчлэн шүүмжлэлээр булж гарав.
Эндээс ямар ч байсан МАН-ын пиарчдын бодсон санаа, удирдлагуудынх нь дэмжсэн сценари нэг л бишээ гэж хэлмээр. Сонгууль дөхөөд л бүх улстөрчид гэмгүй ариун болчихдог, бүх нэр дэвшигчид ард түмэн эх орны төлөө гэсэн үгийг унагах ёстой зэрэг хуучинсаг сурталчилгааны хэлбэрээс одоо сонгогчид жинхнээсээ залхаж байна даа.
Харин энийг мартсан уу, сөрөг хүчний суудалд хэдэн жил суугаад жинхнээсээ өөрсдийгөө тагтаа гэж бодсон уу ямартай ч МАН-ынхан нэг л бишээ.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ