Л.Пүрэвсүрэн: Азийн бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой байна

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Индонез Улсын Жакарта хотноо 6 дугаарсарын 5-ны өдөр “АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн” (ERIA)-гийн Удирдах зөвлөлийн 8 дугаар хуралдаан болон Монгол Улс ба ERIA-н Яриа хэлэлцээний түншийн уулзалтад оролцож, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавив. Монгол Улс АСЕАН-ы хамтын нийгэмлэгтэй улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаагаа уялдуулан хөгжүүлэх, улмаар АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтын гишүүн болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн гол гарц, гүүр болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази тивийн улс орнуудыг нэгтгэсэн улс төр, эдийн засаг, хөгжлийн төлөөх нэгдмэл бүтцийг бий болгох үүднээс “Азийн форум” байгуулах саналыг саяхан дэвшүүлснийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцлон тэмдэглээд манай улс эрчим хүч, аж үйлдвэрийн кластер, дэд бүтэц, эдийн засгийн коридор зэрэг хөгжлийн томоохон асуудлаар Азийн бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах сонирхолтой байгааг онцлон тэмдэглэв. АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Х.Нишимүра тус судалгааны хүрээлэнгээс Монгол Улстай хөгжүүлж байгаа хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, Азийн бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмэр өндөр ач холбогдолтой болохыг онцлов. “Монгол Улс ба АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн хүрээлэнгийн Яриа хэлэлцээний түншийн уулзалт” 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд аж үйлдвэрийн кластер, Зүүн Азийн эрчим хүчний асуудлаар хамтарсан судалгаа хийхээр ажиллаж байна. Судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь АСЕАН-ы гишүүн 10 орон болон Япон, БНСУ, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали, БНХАУ зэрэг тус хүрээлэнг үүсгэн байгуулагч орны төлөөлөгчдөөс бүрддэг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ