"Хүрэлсүх стайл"

Хагас сайны “машингүй өдөр”-ийн үеэр Шадар сайд У.Хүрэлсүхтэй таарав. Сайд Баянбүрдээс 100-н айл хүрэх замаар хотын төвийг тойрон бэдрэх түгжрээнд “Харли Дэвидсон” мотоциклтойгоо аажуу явах нь олны нүдэнд соньхон. Мотоцикл дээрээ Монголд цөөн байдаг Харли Дэвидсон бичигтэй малгай, цамцаа өмсөн нүүр амаа хар алчуураар далдалсан ч хүмүүс “Хүрэлсүх явна” гэцгээнэ.

Нэгэн цагт Хувьсгалт намын “Гүндалай” гэгдэж толгойдоо алчуур зангидан улаан хувьсгалчийн дүрээр парламентын танхимд шуугиулж явсан ч “Хувьсгалт” нэрэнд дургүй, төрийн ордонд гар зөрүүлчихдэг, үе үе гудамжаар чопперчин болж явдаг энэ улстөрчийн стайлыг дууриах эрхэм одоохондоо Монголд гараагүй тул “Хүрэлсүх стайл” гээд нэрлэчихье.

Зарим нэг улстөрчийн хувьд гишүүний сэтэр, чуулганы танхим хууль хяналтынхнаас зугтах бамбай болж хувирдгийг бид мэднэ, тэр бамбай нь мөнх юм шиг аашилчихаад хугацаа нь дуусахаар буруутай л бол нажидаа эдлэж “аавын хаалга” таатсан цөөнгүй гишүүнийг бид харсан.

Харин У.Хүрэлсүх эсрэгээрээ. Тэрээр улстөрд шинэ биш. Хоёронтаа төрийн сайдын тамгыг атгаж яваа У.Хүрэлсүх шиг гишүүний суудлыг хаях үед нь хаяж чаддаг улстөрч Монголд цөөн. Миний л мэдэхийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа сайн дураараа гишүүний суудлыг “олуулаа ирнээ” гээд хаячихаж чадсан, дараа нь жагсаалтаар хөнгөхөн орох боломжоо чулуудчихаад Э.Бат-Үүл төрж өссөн хотоо хөгжүүлнэ гээд явчихсан хоёр түүх бий.

Ер нь өөрийн үеэ манлайлж чадсан, дээд доод үеийнхэндээ хүлээн зөвшөөрөгдсөн түүнийг одоо залуу улстөрч гэхэд ч бас хаашаа юм. 50 нас дөхөж яваа тул ид улстөрч хүний хийж бүтээх насандаа орж явна гэж хэлмээр.

“Хүрэлсүх стайл” ирэх сонгуулиар МАН амжилт олвол нэлээн том дуугарна. Магадгүй Ч.Сайханбилэгийн оронд зогсож байж ч мэдэх. Тэрнээс биш түүнд Шадар сайд ч юмуу, гишүүний суудал бол лөөлөө. Тэгэхийн тулд магадгүй түүнд намынхаа удирдлагыг атгах, цаашлаад бүр ч том суудалд зүтгэх ад биш хүсэл байдаг тухай үгсийг улстөрийн хүрээнийхэн сэм шидэлнэ.

Тэгээд ч У.Хүрэлсүх намын даргын суудал руу зүтгэж эхэлснийг Ардын намынхан дээр доргүй ярилцах болсон гэнэ. Хачирхалтай түүнд нь одоогийн намын дарга биш нэгэнтээ улс төрд татаж оруулаад эргээд тонгоруулсан хаа холын Н.Энхбаяр саад болно гэж ярьцгаах юм билээ. Улс төрөө гэж...

Тиймээс тэр пиараа хийж эхэлсэн гэнэ дээ. Заавал ялна, үгүй бол гэж ам гарсан гашуун түүхээ, ад үзээд байсан ганц үгээ Н.Энхбаярт алдаад хөмрүүлэх шахсан дурсамжаа тэр мартаагүй тул хувийн пиараа хүчтэйхэн хийх нь ч зүйтэй биз. Удахгүй бид хотын гудамжинд, телевизийн дэлгэцээр, оюутан залуус, энгийн иргэдтэй яваа “Хүрэлсүх стайл”-ыг залхталаа л харах болно.Путиныг дууриадаг гэж зарим хүн ярих нь бий.

Тэгвэл ангийн буу мөрлөсөн цээж нүцгэн Хүрэлсүхийн зураг ч бас харах юм билүү.Хотын гудамжаар ардуудтайгаа түгжрэлдэн “Хүрэлсүх стайлдах” нь ч бас нэг пиар.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ