МАН-ын бүлэг: Эдийн засгийнхаа төлөө зөв талаас нь дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байлгах УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд буй. МАН-ын бүлгийн хувьд уг тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаас хойшлуулах шийдэлд хүрсэн. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ""Сентерра гоулд"-тай холбоотой Гацууртын ордын асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. Уул уурхайн томоохон ордуудын зарим нь нэн яаралтай горимоор хэлэлцэгдэхээр, зарим нь УИХ-д танилцуулагдалгүй гарын үсэг зурагдаж байна, заримыг нь УИХ дээр уячихаад улсын эрх ашигт асар хохиролтой гэсэн тайлбар тавиад байгааг ойлгохгүй байна гэдгээ бүлгийн хуралдаанд олон гишүүн илэрхийлсэн. Бид улс орныхоо эдийн засгийг сайжруулахын төлөө аль алиныг нь зөв талаас нь дэмжиж явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Харамсалтай нь хэсэг бүлгийн эрх ашгийн үүднээс өөр өөр байр сууринаас хандаж буй нь сонирхол татаж байна. Засгийн газар, УИХ-ын төвшинд энэ ордуудын талаар нэгдмэл байр суурьтай болж, хамтарч ажиллах ёстой" гэлээ.

Мөн тус бүлгийн хуралдаанаар "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн асуудлаар хэлэлцжээ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр бас тав хоногийн хугацаатай завсарлага авсан. Уг төслийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэврийн насыг ижил болгохгүй, тэтгэврийн насыг нэмэхгүй, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зохицуулалтыг энэхүү бодлогын баримт бичигт тусгах ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлэг баримталж байгаагаа илэрхийлсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ