Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг тухайн жилийн арилжааны банкуудын хадгаламжийн дундаж хүүгийн түвшнээс багагүй байх санхүүгийн хэрэгсэлд байршуулахаар, мөн Засгийн газар сангийн хөрөнгийн талаарх мэдээллийг санхүүгийн нэгдсэн тайландаа тусгаж танилцуулж байхаар саналууд гаргасан тухай танилцуулав. Ажлын хэсгээс гаргасан саналуудтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хурааж гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Үүний дараа Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгын дараа зарчмын зөрүүтэй 70 гаруй саналуудаар санал тус бүрээр нэгбүрчлэн санал хурааж, зарим саналуудын талаар хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулсаны дараа хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Хуралдааны төгсгөлд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналууд олонхийн дэмжлэг авч чадаагүйгээс төслийг хэлэлцэхийг түр хойшлуулан ийнхүү байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг дахин хийсэн юм. Ажлын хэсгээс нэмж гурван зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн бөгөөд саналуудтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул хуулийн төслийг мөн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ